
Номын баярын санаачлагч, Монгол Улсын Номын баярыг 20 жил тасралтгүй зохион байгуулж буй “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Либро Сувд” утга зохиолын агентлагийн үүсгэн байгуулагч Бат-Эрдэнийн Сувдтай ярилцлаа. Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнд оролцоод ирсэн сониноос нь уншигчдадаа толилуулъя.
-Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнд оролцчихоод ирлээ. Энэ үзэсгэлэнд хэд дэх удаагаа ямар статустай оролцов?
-Бээжингийн номын үзэсгэлэнг миний хувьд дөрөв дэх удаагаа зориод ирлээ. Эхний хоёр удаад бол зөвхөн “Номын ертөнц” нэвтрүүлгийн мэдээ мэдээлэл бэлтгэх, сэтгүүлд материал нийтлэх гэдэг зорилгоор явж байсан. Өнгөрсөн жил бид ОУ-ын хэвлэн нийтлэгчдийн клубт орсон учраас Торгоны зам клубийн шугамаар жижигхэн хэсэг засаж оролцож байлаа. Энэ жилийн хувьд “Либро Сувд” утга зохиолын агентлаг гэсэн нэрийн дор гурван метр павильон засаж оролцлоо. Өнгөрсөн жил нэг метр байсан павильон энэ жил гурван метр боллоо гэхээр гурав алхах хэмжээний болж өсөлт гарлаа гэж харж байгаа. Өмнө нь манай хэвлэн нийтлэгчид чинь номын эрх авах, орчуулах гэж буй номынхоо номын нээлтэд оролцох гэдэг байдлаар Бээжингийн номын үзэсгэлэнг зорьж байсан арваад жилийн түүх байгаа. Нэпко паблишн буюу Монголын хамгийн анхны хэвлэн нийтлэгч гэхэд л номын эрх авах уулзалтуудад байнга очиж оролцдог. Гэхдээ яг Монголын павильоныг засаж, монголчууд ийм ном танилцуулж байна, ийм арга хэмжээ хийж байна гэдэг талаар оролцож байгаагүй байх.
-Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнгийн тусгай урилгаар явсны хувьд асуухад, ямар үйл ажиллагаануудад нь оролцсон бэ?
-Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнгийн бүх чухал арга хэмжээнд оролцлоо. Хэвлэн нийтлэгчдийн форум, шагнал гардуулах ёслол, хэлэлцүүлгүүд, панелууд, дээрээс нь тусгай хүлээн авалт, уулзалтуудад ч бас оролцоод ирсэн. Бид нарын хувьд нэлээд том алхам хийлээ гэж болно. Номын үзэсгэлэн хоорондын бие биенээсээ суралцах зүйл их шүү дээ. Утга зохиолын агентлагаас гадна Монгол Улсынхаа Номын баярыг зохион байгуулдаг хүний хувьд нэлээд арга туршлага, гарц гаргалгаа, мэдлэг тэлэх ч гэдэг юм уу, олон зүйлийг суралцаж ирлээ. Жишээлэхэд, Болоньягийн хүүхдийн номын үзэсгэлэн, Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэнгийн хүмүүстэй биечилж уулзлаа. Нэр нөлөө бүхий хамгийн сайн зураачийнхаа бүтээлүүдээс танилцууллаа. Энэ бүтээлийнхээ мэдээллийг явуулаарай, нэр дэвшүүлээрэй гэсэн яриа өрнөлөө. Тэгэхээр гол нь бид нар идэвхтэй ажиллагааг л тасралтгүй явуулж, нэг юм ярьчихаад алга болохгүй, аль болох тэр барьцыг ахиулаад байх нь л чухал гэж бодож байна. Буцаад бас дараа дараагийн номын үзэсгэлэнгүүдэд тодорхой урилгуудыг аваад ирсэн. Ажил болон санхүүгийн боломжуудаа харж байгаад чухлуудад нь явж оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Утга зохиолын агентлаг, Монголын Номын баяр гэсэн хоёр талыг төлөөлж энэ удаагийн Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнд оролцлоо. Ялгаа мэдрэгдэв үү?
-Ер нь бол номын үзэсгэлэнгүүдээр явахаар олон улсын байр суурь нь номын агентлаг гэхээсээ илүү Монгол Улсынхаа Номын баярыг зохион байгуулдаг гэдэг үндэслэл маань илүү их тод чухалчлагдаж байна. Яагаад гэвэл яг тэр арга хэмжээнд очоод тэр түвшнийхээ хүмүүстэй л уулзаж байна шүү дээ. Аль ч орны номын үзэсгэлэн дээр Монголынхоо номын баярыг төлөөлөөд очиход нэн хүндэтгэлтэй хүлээж авч, арга туршлагаасаа сэтгэл харамгүй хуваалцдаг нь сайхан санагддаг. Зарим нь бүүр миний өмнөөс намайг сурталчлаад л... 20 жил ийм ажил хийсэн Монголын чухал хүн гээд хүндлэх юм. Нөгөө талдаа Монголынхаа хамгийн нэр хүндтэй зохиолчдыг төлөөлж байгаа гэдэг маань бас чухал хүчин зүйл болж байна. Гурав дахь өнцөг нь гэвэл бид чинь баг болж очиж байгаа. Баг маань өөр өөрийн өнцгүүдээр ач холбогдол өгч буй арга хэмжээнүүддээ оролцоод явдаг. Бидэнд байгаа хамгийн том давуу тал бол Монголын Номын баяр. Монголын Номын баярт хэрхэн, яаж оролцох вэ, ямар хамтын ажиллагааг өрнүүлэх вэ, бид нар ийм бүтээл, бүтээгдэхүүн танилцуулах гэсэн юм гээд ийм зүйл их яригдаж байгааг бодохоор бидний хувьд Монголынхоо номын баярыг зохион байгуулдаг гэдэг энэ өнцөг л хамгийн их чухалчилагдаж байна.
-Бээжингийн номын үзэсгэлэнгийн онцлох сонин сайхнаас хуваалцаач?
-Бид хөтөлбөрийнх нь дагуу бүх хөтөлбөр, үйл ажиллагаанд нь оролцсон. Хятадын зохиол, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, Хятадын болон бусад орнуудын соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНХАУ-ын Засгийн газраас гадаадын зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч нарт олгодог “Тусгай номын шагнал” (Special Book Awards)-ын 19 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд мөн оролцлоо. 16-ны өдөр болсон уг арга хэмжээний үеэр “Тусгай номын шагнал”-ыг Монгол Улсаас МУИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш, хятад судлаач, орчуулагч Ш.Эгшиг гардан авсан юм. Монголоос гадна Арабын Нэгдсэн Эмират, Румын, Герман, Узбек, Польш зэрэг 12 улсын орчуулагч нарт уг шагналыг олгосон. Энэ жилийн Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнг төлөөлж буй нүүр царай нь гэхэд зохиолч Үй Хуа болж байна лээ. Утга зохиолыг дэлгэн таниулахаас гадна нөгөө талд нь шагнал авахаар ирсэн зохиолч, хэвлэн нийтлэгчдийн зургийг тавьсан байхад тэнд Ш.Эгшиг багшийн зураг нь орсон нь үнэхээр бахархам байлаа.

-Олон форум, хэлэлцүүлэгт оролцсон тухайгаа дээр ярьсан. Тэнд ямар сэдэв анхаарлын төвд байсан бэ?
-Олон чухал форумд нь оролцлоо. Энд яригдаж байсан нэг гол асуудал бол AI хөгжилтэй хэвлэн нийтлэгчдийн бодлого яаж уялдаж явах юм бэ гэдэг сэдэв байлаа. Мөн соёлын тухай ойлголт гэдэг асуудал номын үзэсгэлэнгүүд дээр их яригддаг. Энэ асуудлыг мөн нэлээд нухацтай ярилцсан. Улс орнууд хэрхэн соёлоо ойлголцож, бие биенийгээ хүндэтгэж, соёлын чухал солилцоог хийж нэг нэгэндээ ойлгуулах вэ гэдэг энэ өнцгүүдийг тойрч нэлээд ярилцсан. Хэвлэн нийтлэгчдийн уулзалтууд өргөн хүрээнд болж түүнд нь оролцлоо. Буцаад Монголын номын баяр дээр ямар чухал өнцгүүдийг гаргах вэ гэдэг дээр бодох бодлоготой л ирлээ дээ.
-Тухайлбал ямар бодолтой ирэв?
-Юуг бид чухалчлах вэ, юугаараа ялгарах вэ гэдэг бас их анхаарах ёстой зүйлийн нэг юм билээ. Энэ удаагийн аялалд маань манай “Номын ертөнц” клубийн ахлагч Г.Тэн-Мэргэн явсан. Номын клубийн хүүхдүүдээсээ төлөөлөл авч явах нь багтаа оруулж буй чухал хувь нэмэр гэж бодож буй. Номын баярын ард гарын арван хуруунд багтахгүй томчууд, бусад нь өсвөр насны хүүхдүүд байдаг. Тэн-Мэргэний хувьд Бээжингийн номын баяраас Монголын Номын баяр ямар ялгаатайг их сайн олж харах шиг болно лээ. Уур амьсгалын хувьд мэдээж, энд албаны уур амьсгал зонхилохоос гадна хүүхэд залуучуудын оролцоо ямар байдаг вэ гэдгийг бас өөрийнхөө өнцгөөр хараад ирсэн. Үзэж харснаа бусдадаа яриад ирэх баяртаа өөрсдийн ялгарлаараа бахархах байх гэж бодож байна. Учир нь бид нарт бас амьд бөгөөд халуун дулаан юм байгаад байгаа байхгүй юу. Тэр нь хүүхдүүд. Залуу үе маань номын баяртаа идэвхтэй ханддаг. Энэ маань бидний ялгарал. Бидэнд байгаа боломж ч өөр.
Нэг талархууштай зүйл нь, Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа бид сүүлийн гурван жил холбоотой ажиллаж байна. ЭСЯ-ныхан маань ирэх болгонд л баярлан талархан угтаж авдаг. Унаа тэргээрээ зөөхөөс авхуулаад павильон засалт дээр хүртэл оролцоод манай ЭСЯ-ны зөвлөх Ш.Нарантуяа ирж павильоноо хамт нээлээ. ЭСЯ дээр нийт Монголын багийнхныг хүлээн авч уулзалт зохион байгуулж, халуун дулаан яриа өрнөлөө. Элчин сайд Нямаагийн Энхболд гуай өөрөө номд их дуртай хүн юм. Зохиолчоос цөөнгүй асуулт асууж байна лээ. Бээжин дэх ЭСЯ гэхэд соёл мэдээллийн төвтэй, номын сантай. ЭСЯ гэдэг утгаараа их чухалчлан бид нарыг угтаж авлаа. Зочлон ирж байгаа зочид маань ч өөрсдөө ном бүтээлийнхээ дээжийг бэлэглэж байна. Номын сангаа сонирхож байна. Эх орондоо очсон юм шиг мэдрэмжийг тэрүүхэн тэндээ авахаас гадна жижижгхэн мини номын баярыг тэндээ зохион байгуулаад л ирлээ. Монгол Улс хаана байна тэр болгонд л бид очиж номоор амьсгалах боломжийг нь нээж, номоор баярладаг, нэг нэгнийгээ хүндэлдэг байхын төлөө бяцхан номын баяруудыг хилийн чанадад зохион байгуулсаар л явж байна.

-Тухайн улсад суугаа Элчин сайд номд дуртай байх нь их чухал юм байна. Н.Энхболд гуай бол өндөр боловсролтой хүн шүү дээ. Тэгээд ч Хятад маш том орон. Тэр том оронд Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд тэгж дэмжинэ гэдэг чинь их сайхан?
-Тэгэлгүй яахав. Та хэдийг хүрэлцэн ирж байгаад бид их баяртай байна гэж байсан. Ирэх жил илүү өргөн бүрэлдэхүүнээр ирж, павильоноо томруулах талаар хамтран ажиллая аа гэсэн санал хүлээж аваад ирсэн. Бид нарын энэ хамтын ажиллагаа одоогоор даруухан жижигхэн яваад байна л даа. Бусад улс орнууд шиг өргөн бүрэлдэхүүнтэй, том павильон засаж оролцох тийм боломж нээгдэж байна гэж үзэж байгаа. Ялангуяа манай Элчин зөвлөх Г.Бумцэнд маань энд өмнөх сайдын үед ч байсан, одоо ч бас байгаа болохоор их ач холбогдол өгч байна лээ. Тэгэхээр ирэх 2027 оны Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнд илүү өргөн цар хүрээтэй оролцож, илүү олон зохиолчдоо таниулах, танилцуулах боломж нээгдэнэ гэдэгт итгэж байгаа.
-Зохиолчдоос энэ удаа нэг л хүн явсан уу?
-Аюурзана зохиолч явсан, Либро сувд утга зохиолын агентлагт бас зохиогчид байгаа, Монгол Улсын Их Сургуулийн МУИС пресс хэвлэлийн газар, Монгол судлалын хүрээлэн хамт явсан, замд Нэпко паблишн нэмэгдсэн. Ингээд үндсэндээ таван хэвлэн нийтлэгч, нэг ТББ ингээд зургаан байгууллага энэ үйл ажиллагаанд оролцлоо. “Номын ертөнц” клубээ нэмбэл долоо болно.

-Тэгвэл бас чамлахааргүй өргөн бүрэлдэхүүнтэй явсан байна.
-Гадаадын хүмүүст хэлэхдээ, Монголын хамгийн чухал хүмүүсийг авчирлаа гэдэг. Яагаад гэвэл уран зохиол талаасаа хамгийн дээгүүрт явж байгаа хүн бол Г.Аюурзана зохиолч, МУИС гэдэг бол Монголын нүүр царай, Монгол судлалын хүрээлэн гэдэг бол монгол агуулга тал дээр хамгийн чухал байр суурьтай байгууллага. Бид гэхэд Монгол Улсын Номын баярыг санаачилсан улсдаа нүүр царай бүхий соёлын томоохон ажлыг зохион байгуулдаг баг хамт олон. Нэпко паблишн гэхэд Монголын анхны хэвлэн нийтлэгч гээд номер нэгүүдтэй ирлээ гээд танилцуулж байлаа. /Инээв/
-Г.Аюурзана зохиолч ЭСЯ дээр том уулзалт хийсэн юм шиг байна, тийм үү?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Манай багийн хамгийн ахмад бас чухал хүн маань. Хаана ч явсан олон фэнтэй зохиолч юм. Ямар сайндаа л өвөрлөгч ахан дүүс маань номын үзэсгэлэнгийн өдрүүдэд зохиолчтой уулзах гээд зорин ирж байсан. Гэхдээ зохиолчид маань үзэж харах юм их байснаас тэр бүгдтэй уулзаж чадаагүй. Тиймээс тэр хүмүүсийг ЭСЯ дээр ирж уулзаарай гэсэн юм. Тэд нэмэгдэж ирсэн. Уншигчид Аюурзана зохиолчийн номыг маш сайн уншчихсан байдаг учраас уулзалтын үеэр халуун дотно яриа өрнөж байлаа. Ялангуяа “Тэнгэрийн судар” номыг яаж бичсэн, “Шүгдэн” роман яаж бичигдсэн тухай маш их асуулт асуусан. “Тэнгэрийн судар” номыг бичихдээ та ямар ямар эх сурвалжуудыг ашигласан, үзсэн бэ гэдэг дээр их яриа өрнөж байсан шүү. Үнэхээр номд хорхойтой, номын дуу сонсъё гэсэн чухал хүмүүс энэ уулзалтад хүрэлцэн ирсэн.

-Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнд оролцсон үйл ажиллагааг бүхэлд нь дүгнээд хэлбэл?
-Азийн хамгийн томд тооцогдож байгаа Бээжингийн номын үзэсгэлэнд юутай ч өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргаад ирлээ. Энэ жил бид олон улсын клуб гэж олон дундаа байгаагүй, тусдаа оролцлоо. Хоёрт нь, манай зохиолч, хэвлэн нийтлэгчдээс энд явж тодорхой хэмжээнд үзэж харж байгаа нь мэдээлэл хүргэх чухал суваг болно гэж харж байна. ЭСЯ-ныхантай яаж хамтарч ажиллах арга замаа олдог, мэддэг болчихлоо. Энэ бол хамгийн чухал. Улаанбаатарт номын баярт оролцъё гэсэн хэвлэн нийтлэгчидтэй эргээд харилцаа тогтооход манай ГХЯ бидний чухал хамтрагч болох юм байна гэдгийг ойлголоо. Ингэснээр гадаадын алдартай зохиолчдыг урин авчрах нөхцөл бүрэлдэх юм байна. Жишээлбэл, сая Болоньягийн зурагт номын үзэсгэлэн дээр зургийн төрөлд нь тэргүүн байр авсан Цай Гоа гээд зураачийн урилгатай арга хэмжээнд нь очиж зохиогчтой уулзлаа. Өндөр настай хүн бол ирж чадах эсэх нь хэцүү ч гэсэн нөгөө талд Андерсений шагналыг авсан шилдэг зохиолчийг урих бүрэн боломжтой байх жишээтэй. Энэ жилийн намрын Номын баярт ямар ч байсан гадаадаас хэвлэн нийтлэгчид ирнэ. Бээжингийн ОУ-ын номын үзэсгэлэнгийн зохион байгуулагчдаас бас чухал хүмүүс нь ирж үзэхээр болж байгаа. Энэ тал дээр төрийн байгууллагуудтайгаа бас зөв өнцгөөр хамтран ажиллаж чухал харилцаануудыг тогтоох тал дээр анхаарал сэтгэлээ гаргаасай л гэж бодож байна. Энэ бүхэн маш том зохион байгуулалтын ажил байдаг учраас дахиад нэг том ажил нуруун дээрээ үүрээд л ирлээ гэж бодож байна даа. /инээв/
.jpg)
-Монгол Улсын Засгийн газраас та бүхнийг санхүүжүүлдэг үү гэх асуусан гэлүү. Юу гэж хариулав?
-Асуусан. Манай ЗГ-аас санхүүжүүлдэггүй, бид өөрсдөө санхүүжилт босгож, заримдаа төрийн байгууллага, нийслэл хотын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэтээр 20 жил тасралтгүй номын баяраа зохион байгуулж ирсэн гэсэн чинь бүр нүд нь орой дээрээ гарч байна лээ. Тэгээд одоо яах юм бэ гээд бүр санаа нь зовчихсон, толгойд нь нэг юм орчихсон. Яаж Сувдаадаа туслах вэ гээд… /инээлдэв/ Хятад чинь улсаас нь номын үзэсгэлэнгээ шууд санхүүжүүлдэг, том төсөвтэй баян ч орон юм. Reading China - Rich China гэнэ. Тэр хүн маань өөрөө номын үзэсгэлэндээ чухал нөлөөтэй хүн байхгүй юу. Номын баяр энэ 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд 40 дэх удаагийнх маань болно гэж хэлэхэд минь Монголд суугаа Хятадын ЭСЯ-ыг татан оролцуулах хэрэгтэй гэх мэтээр олон зүйл зөвлөсөн. Бидний хувьд Монголчуудын хамгийн гол чанар болох сэтгэлээ дэлгэн угтдаг тэр л зангаараа чадлынхаа хэрээр зочдоо сайхан угтаж аваад л үднэ гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 0 )