"Намрын чуулганаар төсвийн тодотголыг өргөн барина"

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 2026 оны төсвийг тодотгох эсэх асуудлыг хэлэлцэж ирэх есдүгээр сард 2027 оны төсвийн төсөлтэй хамт, 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихаар болсон тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ “Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ” гэсэн юм. Хэмнэлтийн горимд шилжиж байгаа учраас төрийн байгууллагуудын тэмдэглэлт ой, баярыг хойшлуулахаас гадна хэмнэж болох бүх зардлудыг хэмнэхээр болжээ.

Сангийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа” гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд шаардагдах зардлыг тодотголоор оруулж ирэхээр болжээ. Энэ нь 2027 оны хавар төв сууринг газар улаанбуудай, хүнсний ногоо, махыг нөөцлөхөд зориулсан арга хэмжээ аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20% өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


 ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top