ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтох нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Улсын прокурорын ерөнхий газраас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтох нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Б.Насантогтох нь ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байхдаа албан тушаалын байдлуу урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах, хахууль өгөх хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тодруулбал,

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Э...” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж, эхнэр Ч.А-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Э...” ХХК-ийн нэрээр “М...” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, 

2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.А-ийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан,

Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан, 

Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх Б.Насантогтох нарын 5 хүнд холбогдох хэргийг таван зүйл ангиар зүйлчилж шүүхэд шилжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top