Жил дамнан зодолдоод Цэц дээр очиж найруулагдсан намын зодооны дараа тоосон дундаас торойж Н.Учрал засаг атгасан. Нэг ёсондоо улс төрийн зодоон нь учрал баярын цэнгүүн болж одоогийн засаг бүрдсэн. Гэхдээ байна аа, парламентын танхимаас Цэц рүү, Цэцээс “Буянт-Ухаа” руу хүрсэн энэ жүжгийн гуравдугаар үзэгдэл эхлэхдээ л трагеди байсан юм.
Үйлтэй дүр
Зодолдохдоо нэр нүүрээ барсан намынх нь ах нарт дүр хэрэгтэй байсан. Жендэр хөөвөл эмэгтэй нь гоё ч намы асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр нэг тийм “гоё” баатар хэрэгтэй болсон. Тухайн үед Н.Учрал яг тохирохоор байв. Сул гишүүнээс сайд, сайдаа байгаад спикер болж дэвшсэн түүнд намаа ч, засгаа ч атгуулъя гэж шийдсэн. Ер нь ч тэгээд Ардын нам 2024 оны сонгуульд орохдоо нийслэлийг зорих гэж байсан залуухан ч, зүстэй ч хүнийг намын жагсаалтын нэгд тавьсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш. Н.Учрал тэгээд ч “үйлтэй” л дүр дээ. Зовлон туулсан гэдэг нэг дүрээр олонд харагдана. Зуурдын зовлонг туулж, заяаны ах У.Хүрэлсүхийг эмнэлгийн орон дээрээс харсан гэдгээрээ намын гоё дүр болчихно.
Зодолдохдоо нэр нүүрээ барсан намынх нь ах нарт дүр хэрэг болсон. Яг тохирох дүр нь зуурдын зовлон туулж, заяаны ах /заримдаа аав ч гэдэг/-аа олсон Н.Учрал байв.
Гэхдээ бас болоогүй өмнөх дарга нарын, өмнөх Засгийн тэргүүн нарын үйлийн үрийг тэр эдлэх заяатай болсон юм. Замнал нь гэрлийн хурдаар өссөн ч үүрэх зовлон нь түүнээсээ ч хүнд байгааг тэр ойлгосон байх. Гэхдээ туулахаас өөр сонголт байхгүй. Трагеди болохыг нь мэдсэн учраас залуу үедээ жолоо атгуулсан гэж харагдана. Гай нь таараад алдвал жолоо атгуулж үзсэн, даанч чадсангүй гээд ах нар гараад ирнэ. Гавьяа байгууллаа гэж санахад ах нар л гаргаж ирсэн гэж гүлдийнэ. Аль нь ч байсан ах нарт ашигтай. Үйлийн үртэй баатар гэдгийг нотлох бас нэг зүйл байгаа нь засагт багтсан хүмүүс байна. Намынхаа эв мод болохоос өөр аргагүй тул фракц бүрээс төлөөлөл оруулна. Тонгорч мэдэх хүчнүүдтэй ч хавсарна. Уг нь Ардчилсан намтай эвээ олоод явж болох байсан ч зодоон дундаа хавчуулаад барьцгүй тонгорчихсон.
Уянгын трагеди
Засаг бүрэлдэхдээ л уянгатай байв даа. Төрийн албаныхан тайлан хийхгүй гэсэн, хяналт шалгалт хийхгүй гэсэн, зайнаас ажиллана гэсэн, хиймэл оюуны туслахтай болгоно гэсэн, бүр бүгдийг чөлөөлнө гэсэн. Пролетариудад алдах юм гинжнээс өөр үгүй гэлээ гэдэг шиг бүгдийг чөлөөлөөд өгье л гэсэн. Өмнө нь мега төсөл гэж ангайлгаад, гэмт хэргээр айлгаад, авч хураана гэж хашраадаг байсан засаг өдгөө ээ гэгээ минь “төр гай болохоор зай болно” гэж намжирддаг болсон. Сахилга хариуцлагатай байж, наадам наргианыг цуцална гэсэн. Дуусдаггүй яриаг дуусгана гэсэн. Форум, хурлыг болиулна гэсэн. Уянгалж байх хооронд инфляц пуужиндсан.
Ер нь Н.Учралын засгийн уянгыг сарниаж мэдэх хамгийн том трагеди нь инфляцын өсөлт, шатахууны хомстол шүү.
Инфляц ердөө таван сарын дотор хоёр дахин өссөн. Эдийн засгийн нөхцөл байдлаа мэдэх Төв банк мэлэрч, мэлэрч байгаад бодлогын хүүг жил хагасын дараа 0.5% нэмчихсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая боллоо. Авчиг төгрөгийн бодит худалдан авах чадвар унаад байдаг. Төсөв тэлсэн. Тэлэхдээ алдагдал нь ч 2.2 их наяд төгрөгт хүрч сунайж одоо тодотгох дээрээ тулаад байна. Мөнгөний нийлүүлэлт ч эрчимжиж 53.1 их наяд төгрөгт хүрсэн. Тэгээд яая гэж байтал ОХУ-д бужигнаж шатахууны хомстол бий болов. Нийлүүлэлтийн шалтгаант энэ хомстол нь ОХУ-ын газрын тосны байгууламж руу Украины дронын халдлага эрчимжсэнтэй холбоотой. Манай шатахууны импортын 95-97%-г дангаар бүрдүүлдэг энэ улсад дотоодын хямрал нүүрлэсэн ч Засгийн газар хоорондын хэлэлцээрээр манайд нийлүүлж байгаа. Гэхдээ Засгийн газраас нь албан ёсны мэдэгдэл гараагүй. Украинчууд халдсаар байна гэдгээ мэдэгдсэн нь манай шатахуун мөддөө хэвийн болохгүйг илтгэнэ. Ер нь Н.Учралын засгийн уянгыг сарниаж мэдэх хамгийн том трагеди нь инфляцын өсөлт, шатахууны хомстол шүү.
Учралын катарсис
Трагеди буюу эмгэнэлт жүжигт катарсис гэх ойлголт бий. Үзэгч тухайн жүжгийн эмгэнэлт баатрын харамсалтай хувь тавианг хараад өрөвдөх, айх мэдрэмж хослоод улмаар сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгааг ингэж илэрхийлдэг. Яг одоо Н.Учралын засгийн газарт катарсис ажиглагдаж байна. Хэд хоногийн өмнөөс Ардчилсан намынхан Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурж буй тухай мэдээ гарав даа. Тэр үед сөрөг хүчний хэл амтай хэсэг нь хүртэл “Н.Учралын Засгийн газар байх ёстой”, “Л.Оюун-Эрдэнийн лайг цэвэрлэхийн тулд засгийг огцруулж болохгүй” гэх яриа гарсан. Цэнхэр намын “Улаан бал” Ч.Лодойсамбуу хүртэл “гарын үсэг зурахгүй” гэж түс, тас хэлчихсэн. Тэгэхээр нэг ёсондоо катарсис харагдаад л байгаа юм. Нөгөө талдаа нийгмийн олонх нь бухимдалтай байгаа энэ цагт Н.Учралын засгийн газар дэнжгэнэсээр байгаа нь үнэн.
МАН-ын драматург намар хэрхэн өрнөхөөс хамаарч олон нийт ч, Н.Учрал өөрөө ч энэ бүхний эцэст катарсис болох нь дамжиггүй.
Ногоон тайзан дээрх “COP17” дуусаж, дугаарын хязгаарлалт шувтрахад л хариу үйлдэл нь мэдэгдэнэ. Яг одоо эрх баригч намын дотоодод Нийслэлийн намын хорооны даргын тэмцэл өрнөж байна. Сөргөлдөгч талууд мэдээж ноцох нэг сэдэвтэй болж таараа. Яг энэ нь Н.Учралын Засгийн газартай огтлолцоно. Намын даргын хувьд энэ тэмцэлд мэдрэмжтэй байх хэрэгцээ гарна. Бас болоогүй нийгмийн бухимдал, эдийн засгийн сорилтууд, төсвийн тодотгол байгаа учраас сөрөг хүчнийхэнтэй ч “байлдах” хэрэг гарна.
МАН-ын драматург намар хэрхэн өрнөхөөс хамаарч олон нийт ч, Н.Учрал өөрөө ч энэ бүхний эцэст катарсис болох нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 0 )