Засгийн газраас ХҮН-ыг жийх үү?!

Б.Сэцэн | Zindaa.mn
33 минутын өмнө

Хүнийрхүү ХҮН-д эрх баригчид хөндий хандаж засгаас жийх нөхцөл бараг бүрдэж байгаа дүр зураг ажиглагдлаа. Хэрэв уншигч та Ерөнхий сайд Н.Учралын өнөөдрийн мэдэгдлийг харсан бол ийм дүгнэлтэд шууд хүрч болохоор байна. Тэрбээр өнөөдөр хэлэхдээ “Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэсэн бодлого барьж ажиллаж байна” гэсэн юм. Тэртээ тэргүй өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, инфляц талийсан, мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн энэ цаг үед Ерөнхий сайдын хувиар хэлдэг л үг. Хэрэв нэмнэ гэчихсэн бол ирэх өвөл, дөрөвдүгээр улирлын инфляц бүр пуужиндана. Пуужиндаад л байвал Н.Учралын улс төрийн замнал бараг дуусах том эсэргүүцэлтэй нүүр тулна.

Гэвч Н.Учралын өсгийнд шигдсэн өргөс нь Т.Доржханд. Тэрээр өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа “Монгол Улсын эрчим хүчний үнэ хамгийн хямд байна” гэж мэдэгдсэн. Ингэж мэдэгдэл хийхээс ч өмнө анх Шадар сайд болохдоо л эрчим хүчний үнийг шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлж ирсэн юм. Н.Учрал Ерөнхий сайд болохоос ч өмнө энэ оны нэгдүгээр сард “Хэрвээ цахилгааны үнийг нэмээгүй бол бид өдийд хоёр биш, зургаан цаг тоггүй суух байсан” ч гэж гөрдөж байв. Эрчим хүчний реформ, эрчим хүчний үнийг чөлөөлөх, хувийн секторын оролцоог нэмэгдүүлэх сонирхлоо тэр удаа дараа илэрхийлсэн. Хувь хүний ашиг сонирхол ч байдаг байх. Гэлээ гээд үнэ нэмсэн нь чадлын дутагдлыг бууруулсан гэдэг бол “шал тэнэг” ойлголт.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн мэдэгдлээрээ эрчим хүчний үнэ нэмэхгүй гэсэн. ХҮН-ын Шадар сайд Т.Доржханд "Хамгийн хямд байгаа шат дараатайгаар" нэмнэ гээд байдаг. Н.Учрал шүд сугалбал ХҮН л хорхойтой шүд нь байх шиг!

Засгийн газар одоо дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байгаа. Ардчилсан намыг жийснээсээ хойш л тийм байсан. Хэдийгээр Н.Учрал Ардчилсан намынхантай нийлж засаг байгуулах гэж үзсэн ч жийгдсан АН-ынхан тунирхаад засагт нь багтаагүй. Тэгээд яасан ХҮН-ээс Шадар сайдыг хэвээр үлдээж, Эрчим хүчний салбараа хариуцуулахаар болсон. Ядаж байхад хамгийн үйлтэй салбараа ХҮН-ынханд өгчихсөн. ХҮН нь тэгсэн дотооддоо үзэл бодлоороо хуваагдаад эхэлсэн. Юун ХҮН болж байгаа энэ үед үйлтэй хэдэн салбараа ХҮН-ынханд даатгаад дараа нь хариуцлагаа сонгуулийн үеэр ХҮН-ээс нэхнэ. Ер нь явж, явж инфляц пуужиндаж байгаагийн нэг том шалтгаан нь цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл шүү.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэлсэн үгээрээ ХҮН-ынханд анхааруулга өглөө. Тэртээ тэргүй дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байгаа үед цахилгааны үнэ нэмэгдүүлнэ гэвэл “NO” шүү гэдгээ илэрхийллээ. Өөрийнх нь даргалдаг Ардын нам одоо нийслэлийн намын хороон даргаа сонгоно. Үүнийг дагаад намын аппарат, бүтцэд ч тодорхой өөрчлөлт орж таараа. Улс төрийн эв эеэ сахин хичээхийг эрмэлзвэл Засгийн газарт хөдөлгөөн орж таарна. Эв эеэ сахина гэдгээ ч өнөөдрийн мэдэгдэлдээ дурдсан. Тэгэхээр ах намын тэргүүн, Засгийн газрын ч тэргүүн Н.Учрал хүнээ байсан ХҮН-ыг засгаас жийнэ шүү гэдгээ битүү дээ хэлчихлээ. Намын хагарал сэв, өөгүй нийлээгүй. Нийлээгүй учраас бүтэн бүлээн байлгах гэж өм, цөм засаг бүрдүүлсэн. Заримыг нь ч нүдээ аниад хуучин суудалд нь үлдээсэн. Одоо Н.Учрал үнэхээр өөрөө засаглахыг хүсвэл нүдээ аниад тэсэж үлдсэн хэдэн сайдаа солихоос өөр аргагүй.

Н.Учралын хэлснээр “Энэ өвөл их хүйтэн өвөл болно. Энэ хүйтнийг дотоод эв нэгдлээрээ давж гарна” гэсэн. Нөгөө хэдийгээ жийгээд эв нэгдэлтэй үлдэе ээ гэж ойлгогдох битүү, хатуу утгатай энэ үгийг ХҮН-ынхан сонссон болов уу...

Засаг дахиад солигдвол Ардын нам хоёр сонгуулиа тавиад тууна. Засгаа тонгорч унагаахгүйгээр тодорхой хэдэн сайдыг сугалаад эмхлэн байгуулах улс төрийн тохироо ч бүрдчихлээ. Үүнийг Х.Нямбаатарын нэгдүгээр хүнд хаягласан мэдэгдлээс харж болно. Тэгээд ч Н.Учралын хэлснээр “Энэ өвөл их хүйтэн өвөл болно. Энэ хүйтнийг дотоод эв нэгдлээрээ давж гарна” гэсэн. Засгаа ямар ч гэсэн тонгорохгүй юм байна. Харин нөгөө хэдээ жийгээд эв нэгдэлтэй үлдэе ээ гэж уншигдах битүү, хатуу үг хэлсэн. ХҮН-ынхан сонссон болов уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top