Хэмнэлт. Гоё л доо. Хэмнэж чадвал бүр ч гоё. Даанч хэмнэлт гэдэг дарга нарын найр болсоор хэдэн оныг үдлээ. Цар тахлаас хойш "хэмнэсэн" манай төр 2020, 2024 онд сонгуулиар найрласан. Төрийн захиргааны аппаратыг наадам найрын шан болгож төсвийн тодотгол, ашиггүй тендер, мега төслүүд, шахааны бизнесүүд, тусгай сангуудаар төсвийн мөнгийг саасаар байдаг. Жирийн албан хаагчдын цалинг танаж, томилолтыг хязгаарладаг мөртөө том дарга нар нь “бүрэн эрх”, “ажлын шаардлага” нэрээр тансаглалаа үргэлжлүүлж, дэмий тэнэсээр л байдаг. Төрийн эгэл алба хаагчдыг хайр найргүй халж сольдог атлаа захиргааны орон тоо, дэд сайд, зөвлөхүүдийн асар том армийг чимээгүй хадгалсаар үлддэг. Төрийн үйлчилгээний зайлшгүй зардлыг хэмнэснээс болоод иргэнд очих төри йн хүртээмж муудсаар байдаг.
Цар тахлаас хойш "хэмнэсэн" манай төр 2020, 2024 оны сонгуулиар найрласан. Найрлахдаа сайдын тоог 20-д /Ерөнхий сайдыг оролцуулаад/ хүргэж найрласан юм.
Ерөнхий сайд өчигдөр 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгоно гэж ирээд л төсвийн тодотголоо рекламдав даа. Хэмнэхдээ сайд нарын багцаас 433.4 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэсэн. Тоо нь ч их, реклам нь ч том. Гэхдээ цаад шалтгааныг нь харах ёстой. Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал 1.5%-тай дүйнэ. Энэ жилийн төсөв 31.9 их наяд төгрөг гэж байгаа. Зарлага нь 32.9 их наяд төгрөг. Нэгдсэн төсвийг ингэж баталсан юм. Тэгээд тооцооллоос зөрөөд байгаа болохоор тодотгох гэж байгаа хэрэг.
Хэрэв Н.Учрал үнэхээр өөрийн толгой мэдэлтэй байсан бол данхар төрийг цомхон болгож, сайд нарын тоог хайр найргүй цөөлөх байсан.
Хэдийгээр хэмнэнэ гэдэг ч хэтийдсэн том данхар төрийг хумих тухай ярихгүй л байгаа юм даа. Манайх гэдэг улс Ерөнхий сайдыг оролцуулаад 20 сайдтай. Ийм байхад хямрахгүй гээд яадаг юм. Гурван шадар сайд, ямар ч бүтэцгүй хоёр, гурван сайдтай байхаар үндсэн чиг үүргийн 6-7 яамтай байхад л манайд хангалттай. Гэвч 2024 оны сонгуулийн дараа Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг 16 яам, 22 хүртэлх сайдын орон тоотой байхаар баталаснаас хойш 16 яамны бүтэц хадгалагдаж байгаа. Дээр дурдсан найр болчихсон гэдэг нь үүгээр харагдаж байгаа. Хэрэв Н.Учрал үнэхээр өөрийн толгой мэдэлтэй байсан бол данхар төрийг цомхон болгож, сайд нарын тоог хайр найргүй цөөлөх байсан. Гэвч тэгээгүй. Учир нь ах нарын татсан гортигоор тэр өөрөө сайд болж, кабинетийн бүтэц зурагдчихсан учраас тэр юм.
Одоо тэд хэмнэсэн мэт жүжиглэнэ. Дарга нарын машин, бичиг хэргийн зардал гэх мэт хэдэн бор төгрөг хэмнэсэн мэт аашилаг ч цаана нь төсвийн асар том тодотголууд, ашиггүй тендер, шахааны бизнесүүд нь цэцгэлсээр байна. Жирийн албан хаагч, мэргэжилтнүүүдийн унаа, томилолт, цалинг хазаарладаг мөртөө дарга нь “бүрэн эрх”, “ажлын шаардлага” нэрээр тансагласаар л байдаг. Захиргааны орон тоо, дэд сайд, зөвлөхүүдийн асар том армийг чимээгүй хадгалсаар л байдаг. Нэн шаардлагатай төрийн үйлчилгээний бодит зардлыг шахаж хэмнэснээс болдд иргэдэд очих төрийн үйлчилгээ улам мууддаг. Хэмнэлт бидэнд ингэж бууна. Бас болоогүй хямрал дагуулна гэж байгаа.
Уншигч та анзаарч байгаа бол инфляц өссөний цаад шалтгаан нь хэмнэлт нэртэй найр юм шүү дээ.
Зүй нь бол Засгийн газар кабинетаа цомхон болгоно. Чиг үүргийн ч бай, биш ч бай олон дэд сайдыг үгүй болгоно. Форум, хурал цуглаан нэртэй хачин чамирхалаа болино. Төсвөөс тэрбум, тэрбумаас татаас авдаг төрийн өмчит компаниудыг татан буулгана эсвэл хувьчилна. Чиг үүргийн хувьд давхардсан агентлагйин тоог цөөлнө. Цахимжуулалтыг улс төрийн мэдээлэл авах хэрэгсэл бус бодит утгаар нь хэрэгжүүлж хүнд суртлыг арилгана. Ердөө энэ л юм. Гэвч үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүдэд ийм зориг байгаагүй. Байх ч үгүй. Фракцуудын толхилцоон, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ хэмнэлт гэдэг шошго хадаад өөрсдөө найрласаар л байдаг юм.
Ерөнхий сайдын өчигдрийн үгнээс анхаарал татууштай хэдэн зүйл байна. Хэмнэлт гэдэгт нь хууртаад анзааралгүй өнгөрөөсөн байж болох. Төр 11 дүгээр сараас жир иргэдийнхээ хоолойг боомилно. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50%-иар нэмэгдүүлээд зогсохгүй, 435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ. Тэртээ тэргүй пуужин айдал цойлсон инфляц оны бөгсөнд улам цойлно. Н.Учралын бөгсөн дээр бүлээн жин тавих сарууд айсуй. Инфляцаас шалтгаалсан дунд хугацааны хямрал нүүрлэж болзошгүй гээд байхад л сонгуулийн оноогоо бодож Засаг нь шийд гаргалаа. Хэмнэлт гэдэг шошго хадаад эрх баригчид найрлах гэж байна. Үүнийг ойлгож байгаа “амьтан” байна уу?!

Сэтгэгдэл ( 0 )