Глобаль сангийн төслийн хүрээнд өвчтөнд ээлтэй тусламж, үйлчилгээг сайжруулах, сүрьеэгийн эмчилгээний хяналтыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд эмчилгээний хяналтад ашиглах ухаалаг төхөөрөмжүүдийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, дадлагажуулах DAT-aSOP сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтад 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмзүйч, сувилагч нийт 40 хүн хамрагдлаа.
Сургалтын үеэр сүрьеэгийн эмчилгээний хяналтад ашиглах ухаалаг эмийн сав, ухаалаг температур хэмжигч төхөөрөмжүүдийн үйл ажиллагаа, ашиглалт, давуу талын талаар танилцуулж, оролцогчдод практик дадлага хийлгэлээ. Мөн эдгээр ухаалаг төхөөрөмжийг эмчилгээний хяналтад ашиглах, цаашид өдөр тутмын тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход сургалтын зорилго чиглэв.
Ухаалаг төхөөрөмжүүдийн нэг чухал давуу тал нь эмчилгээний явц болон эмийн хэрэглээг зайнаас хянах боломж бүрдүүлж, эрүүл мэндийн ажилтны ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ өвчтөнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Өнөө үед технологи, тоног төхөөрөмж хурдацтай хөгжиж, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээнд улам бүр нэвтэрч байгаа тул эмнэлгийн мэргэжилтнүүд шинэ технологийг эзэмшин, ажлын байрандаа үр дүнтэй ашиглах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Иймд сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа цаг алдалгүй практикт хэрэгжүүлж, өвчтөнд ээлтэй орчин, чанартай тусламж, үйлчилгээг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг оролцогчдод уриаллаа.
Тус сургалтын хүрээнд эмчилгээний хяналтад ашиглах ухаалаг төхөөрөмжүүдийг оролцогчдод хүлээлгэн өгч, цаашид сүрьеэгийн тусламж, үйлчилгээний практикт үе шаттайгаар нэвтрүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )