Төрийн дууллын өдөр хэмээх туйлшрал

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Фантастикаар рекламдуулаад, “Од Мөндөр”-ийн туйлшрагчдаар дүлж сурталчилсан Төрийн дууллын өдөр өнөөдөр тохиож байх шиг байна. Авчиг ард иргэдэд мэдрэгдсэн зүйл алга. Талбай дээр Төрийн дууллыг далимдуулж өөрсдийгөө сурталчлах гэсэн одонцоруудаар л дүүрэх шив. Ер нь ч тэгээд хэн нэгэн мэдэмхийрээд, “википедиа” дээр байгаа зүйлсийг аман цээжлээд бувтнаад байдаг хэдээр тархиа угаалгана ч гэж юу байхав. Тэртээ тэргүй манайханд тэмдэглэлт өдрүүд цөөдөөгүй. Гагцхүү одоо байгаа хэдэн тэмдэглэлт өдрийнхөө утга учрыг ойлгуулчхаад дараа нь тэмдэглэлт өдөр ярьмаар байгаа юм.

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1950 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн зарлигаар тухайн үеийн БНМАУ-ын шинэ сүлд дууллыг баталж, 1950 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эгшиглүүлсэн юм. Тэгэхээр тэмдэглэлт өдөр тэс хөндлөн зөрж байгаа хэрэг. Уг нь үгийг Ц.Дамдинсүрэн зохиосон. Авчиг 1961, 1990-ээд онд косметик засвар оруулсан юм. Хамгийн сүүлд 2006 онд сүүлийн засварыг оруулж шинэчлэн найруулсан түүхтэй. Сүлд дууллын аяыг солиогүй хэрнээ үгийг нь л солиод байсныг нь харахаар “Франкенштейн” лугаа адил болчихсон гэсэн үг.

Монгол Улсын түүхийг СУИС-ийн бүлэг зодоон шигээ ойлгосон Фантастик продакшн олон жил телевизийн экраныг доромжиллоо. Одоо болно, Төрийн сүлд дууллыг л тайван үлдээ.

Манайд тэмдэглэлт өдөр мундахгүй. 12-р сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр, 11-р сарын 26-нд Улс тунхагласан өдөр, Өвлийн тэргүүн сард Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Үндэсний бахархлын өдөр, 7-р сарын 10-нд Төрийн далбааны өдөр, дараа нь мэдээж Үндэсний их баяр наадам болдог. Энэ бүхэн төрийн дууллаа эгшиглүүлж, бүгд түрэн дуулдаг шүү дээ. Тэгж байхад юун Төрийн дууллын өдөр. Бүр ч тэгээд Бурхан багшийн их дүйчин өдрийг ч тэмдэглэдэг боллоо. Манай улс аль нэг шашныг төрийн шашин болгоогүй ч ингэтлээ завхарсан. Уг нь одоо байгаа баяруудынхаа утга учрыг ойлгуулан таниулах тал дээр л анхаармаар байгаа юм. Талбай дээр олуулаа төрийн сүлд дууллаа эгшиглүүлж болох л доо. Гол нь цээжинд бадраах хэрэгтэй байгаа юм. Фантастикийнхан түүхийг гуйвалахаа болиод соц драматургтай, холливуд зодоонтой, хазгай муруй монгол хэлтэй кино гэж нэрлэсэн юмнуудаа чанаржуулах шаардлагатай байгаа юм. Хэн дуртай нь монголын түүхийг гуйвуулж дутуу, хөцүү уншсан юмнуудаа микрофон дээр яриад түүнийг телевизүүдэд тараамааргүй байгаа юм. Түүх, уншиж судалдаг нэгнээ хэнээтэй, цагаан солиотой, хуучинсаг гэж доромжлохоо болих шаардлагатай байгаа юм.

Төрийн дууллаа сонсоод огшихгүй Монгол хүн гэж үгүй. Тийм байхад тэмдэглэлт өдөр болгоод нэр нүүр, утга агуулгыг шалтай нь хутгахаа болих хэрэгтэй. Фантастик олон жил телевизийн экраныг доромжиллоо. Одоо болно, Төрийн сүлд дууллыг л тайван үлдээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top