Олон улсын цоохор ирвэс хамгаалах өдрийг тохиолдуулан “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, Дундговь аймгийн “Байгаль орчны газар” болон Их газрын чулууны “Байгалийн цогцолборт газар” хамтран
“Ирвэсийг хамгаалахын тулд эхлээд танин мэдэх” сэдэвт өдөрлөгийг Дундговь аймгийн төв Мандалговь хотод зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь цоохор ирвэсийн биологийн онцлог, амьдрах орчин, экологийн тэнцвэрт байдалд гүйцэтгэх үүрэг, хамгааллын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах зөв хандлага, хариуцлагатай оролцоог төлөвшүүлэх зорилготой юм.
Цоохор ирвэс нь Монгол орны өндөр уулс, хад асга бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутгуудад амьдардаг, ховор бөгөөд нэн чухал хамгаалал шаардлагатай зэрлэг амьтдын нэг билээ. Түүний амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл нь ирвэсийн популяцад тулгарч буй томоохон сорилтуудын нэг юм.
Иймд ирвэсийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, байгаль хамгааллын боловсролыг нэмэгдүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих нь ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой.
Ирвэсийг хамгаалах эхний алхам бол түүнийг танин мэдэх, амьдрах орчныг нь ойлгох, байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг түгээх юм. Бидний өнөөдрийн мэдлэг, оролцоо маргаашийн байгаль хамгааллын үндэс билээ.



Сэтгэгдэл ( 0 )