Дэлхийн байгаль хамгаалах сангийн албан ёсны цахим хуудас Монгол-Оросын хилээс хэдхэн км-ын цаана орших уул нуруунд нутагладаг дөрвөн гүентэй цоохор ирвэсийг онцолжээ. Эх ирвэс буюу “гэнд” анд явж ирээд барьсан олзоо үр төлдөө өгч буй торгон агшин гэрэл зургийн хальсанд мөнхөрсөн нь энэ аж. Монголд төдийгүй дэлхийд ховордож буй цоохор ирвэсийн ийм зураг маш ховор байдаг юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судалгааны багийнхан өнгөрсөн зун цоохор ирвэсийн идэж тэжээл, тархцыг судлах явцдаа дээрх зургийг дарж амжсан байна.
“Биднийг ирэхэд дөрвөн гүен тоглож байсан. Эх нь ав хийхээр явсан хойгуур дөрвөн гүен энэ газраасаа ер хөдлөөгүй” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зурагчин Б.Отгонбаяр ярьжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газрын судалгааны багийнхан дээрхтэй адил тохиолдолтой өмнө нь нэг удаа таарч байжээ. Тус сангийн судалгааны баг 2016 оны есдүгээр сард хоёр гүентэй цоохор ирвэсийн зураг авч байсан гэдэг. Монгол Улсад одоогийн байдлаар 1000 гаруй тоо толгой цоохор ирвэс бий гэсэн байдаг. Одоогоос 30-аад жилийн өмнө ирвэсийн тоо толгой 20 гаруй хувиар их байсан юм. Харин хулгайн ан, амьдрах орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан тоо толгой нь цөөрөх болжээ.
Монгол Улс 1972 онд цоохор ирвэс агнахыг хуулиар хориглосон байдаг. Монгол Улсын “Улаан ном”-д нэн ховор зүйлийн ангилалд багтаасан юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын гэрэл зурагчин Б.Отгонбаярын гэрэл зургууд
Сэтгэгдэл ( 5 )
Ямар хөөрхөн юм бэ?
Eh delhii, an amitnaa hairlatsgaaya.
Ymar goe avsan zurag bnaaa Delhiid baihgui zurag bn.
Hoorhon amitas ve
Huurhin ym daa