Хууль зүй, дотоод хэргийн яамны Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн алба хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 25-ны өдрийн хооронд “Хүн бүр байгаль хамгаалагч” кампанит ажлыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалах зорилготой. Тус компанит ажлын дэд сэдвийн нэг нь хүүхдийн экологийн боловсрол юм.
Хүүхдийн экологийн хүмүүжил нь өсвөр үеийнхний экологийн хариуцлагыг хөгжүүлэх чухал аргын нэг. Орчин цагт экологийн асуудал улам бүр тулгамдаж байгаа бөгөөд экологийн боловсрол нь хүүхдэд байгаль орчинтойгоо хэрхэн ухамсартай харьцах харилцааг төлөвшүүлж, экологид ээлтэй дадал зуршлыг хөгжүүлдэг байна.
Экологийн хүмүүжил нь байгаль орны хамгаалал, тогтвортой хөгжлийн хангахад шаардлагатай мэдлэг, дадлыг хүүхдэд төлөвшүүлэх үйл явц юм. Энэ нь хүүхдэд тэдний үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг, байгаль орчныг хамгаалахад хүүхэд бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн ойлголтыг тэдэнд өгөх зорилготой.
Хүүхдийн экологийн хүмүүжлийн үндсэн аргууд:
Хувийн үлгэр дуурайлал: Эцэг, эхчүүд хүүхдийн экологийн хүмүүжилд гол үүргийг гүйцэтгэдэг. Хог хаягдлыг ангилан ялгах, байгалийн нөөцийг хайрлан, хэмнэх, нэг удаагийн хэрэглээний зүйлсээс татгалзах зэрэг экологид ээлтэй үйлдлээрээ эцэг, эхчүүд хүүхдүүддээ экологийн хувьд хариуцлагатай зан үйлийг төлөвшүүлдэг байна.
Интерактив сургалт: Экологийн сургалт нь сонирхолтой байх ёстой. Тоглоом, асуулт хариултын тэмцээн, уран бүтээлийн даалгавар зэргийг ашиглан хүүхдэд байгаль орчныг хамгаалах нь яагаад чухал болохыг ойлгуулах нь чухал.
Байгалийн талаар ярилцах: Хүүхэдтэйгээ экологийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүл. Байгаль орчны бохирдол гэж юу болох, хог хаягдлыг хэрхэн бууруулах боломжтой, биологийн олон янз байдлыг хамгаалах нь яагаад чухал болох талаар ярилцаад үзээрэй. Экологийн сэдэвт ном унших, кино үзэх нь тэдний ойлголтыг улам бэхжүүлнэ.
Экологийн арга хэмжээнд оролцох: Хүүхдүүдээ бүх нийтийн цэвэрлээгээ, мод тарих болон бусад төрлийн экологийн арга хэмжээнд идэвхтэй оролцуулах нь чухал. Энэ нь тэдний экологийн тухай ойлголтыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгмийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлэх боломж олгодог.
Экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх: Хүүхдэд түүний үйлдэл байгальд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлаарай. Зөвхөн хүрээлэн буй орчин төдийгүй дэлхий дахины экологийг хайрлан, хамгаалах дадлыг суулга. Жишээ нь хогоо ил хаяхгүй байх, олон удаагийн хэрэглээний уут, сав хэрэглэх зэрэг.
Хог хаягдлыг ангилах: Хүүхдийг гэртээ хогоо ангилан ялгах үйл явцад идэвхтэй оролцуулаарай. Хог хаягдлыг дахин боловсруулах нь байгалийн баялгийг хэмнэхэд ямар чухал үүрэгтэй болохыг тайлбарлаарай.
Ус болон эрчим хүчээ хэмнэх: Хүүхдээ усаа хааж, гэрлээ унтрааж сургаарай. Эл энгийн үйлдэл нь байгалийн баялгийг гамтай хэрэглэх дадлыг суулгадаг байна.
Байгальд аял: Байгальд байнга алхаж, зугаалах, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хамгаалалттай газруудаар аялал зохион байгуулах. Хүүхдэд байгалийн сайхныг харуулж, байгаль орчныг хамгаалах, нандигнах нь ямар чухал болох талаар ярилцаж, экологийн сонирхлыг нь дэмжээрэй.
Хуванцраас аль болох татгалзах: Хүүхдийг нэг удаагийн хэрэглээний хуванцар эд зүйлсээс татгалзаж сургах, олон удаагийн хэрэглээг сонгох нь яагаад чухал болохыг тайлбарлаарай. Энэ бол экологийн хариуцлагыг хөгжүүлэх чухал алхам юм.
Буяны сангаар байгальд туслах: Байгаль эхэд туслахыг хүсвэл хүүхэдтэйгээ хамтраарай. Хамт байгаль орчныг хамгаалах зорилготой буяны арга хэмжээ, төслүүдэд оролцоход чухал. Ингэснээр хүүхэд байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоо ямар чухал болохыг илүү сайн ухамсарлана.
Хүүхдийн экологийн боловсрол нь тэдний экологийн хариуцлага, ухамсрыг төлөвшүүлэх үндэс юм.
Үр хүүхдүүддээ багаас нь экологийн дадал зуршлыг төлөвшүүлснээр бид тэднийг байгаль хамгаалагч, ухамсартай иргэн болоход нь бэлдэж байгаа билээ.
Байгаль, экологийг хамгаалах аливаа санаачилгад идэвхтэй нэгдсэнээр хүүхдийн хариуцлага хөгжиж, жижиг ч гэсэн үйлдэл байгаль хамгаалах дэлхий дахины хүчин чармайлтын нэг хэсэг болох боломжтойг харуулж байгаа юм. Хүүхдийн экологийн хүмүүжил нь байнгын оролцоо, анхаарал шаардсан урт хугацааны үйл явц хэдий ч үр дүн нь цэнхэр гарагийнхаа ирээдүйд асар чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )