Нөмрөгийн ДЦГ-ын 76.4% нь түймэрт өртсөнийг тогтоожээ

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

 

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт өртсөн талбайн хэмжээг 448,993.6 га гэж тогтоосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Энэ нь нийт талбайн 76.4%-тай дүйх юм. Түймэрт өртсөн талбайн хэмжээг тогтоохдоо хиймэл дагуулын зураглалыг ашиглажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс 2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн түймэрт өртсөн талбайн хэмжээг зурагласан байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 587,744.1 га талбайтай. Үүний 138,750.5 га буюу 23.6 хувь нь түймэрт өртөөгүй байна. Түүнчлэн дархан цаазат газрын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртжээ. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбайн хэмжээ 504,960.4 га болж байна.

Түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын судлаачдыг нэмж ажиллуулж эхэлжээ. Мөн шаардлагатай техник хэрэгсэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top