Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлыг эзэн холбогдогч тогтоогдсоны дараа төлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
46 минутын өмнө

 

Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ. Тэрбээр  Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 16-нд дүгнэлтээ гаргаж дуусгахаар ажиллаж байна. Нийт 468 мянган га газар нутаг шатсан. Шатаагүй үлдсэн газар нутагт ан, амьтдын бөөгнөрөл их байгаа учраас биотехникийн арга хэмжээ авч, цас орохоос өмнө өвс тэжээлээр хангана. 

Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргаж, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт үүрэг өгснөөр нутгийн иргэдээс өвс, тэжээл худалдан авч түймэр гарсан бүс нутагт долоон цэгт байршуулах юм. Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлуудыг хохиролд тооцож, эзэн холбогдогч тогтоогдсоны дараа төлбөрийг гаргуулна.

Японы Засгийн газар хамтран ажиллахаа илэрхийлсэн. Хохирлын хэмжээ тогтоогдсоны дараа бусад улс орны байгаль орчны байгууллагуудад ч нөхөн сэргээх чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавина. БНХАУ, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Эрдэмтэн, судлаачдын зүгээс цаашдаа Нөмрөгийн тусгай хамгаалалттай бүс нутагт “Эрдэм шинжилгээ, судалгааны мониторингийн төв” байгуулах санал гаргасан. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ ажлыг зохион байгуулах боломж бий гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top