Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад суудалтай болгоё!

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

Нэг ийм санал байна хүмүүс ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг УИХ-д суудалтай болгоё гэсэн. Энэ санал бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөж халагласандаа дэвшүүлж байгаа санаа огтхон ч биш. Нийгмийн шаардлага, бодит үнэнээс урган гарсан бүтээлч санал юм. Учирлаваас, өдгөө манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хүн амын бүлгийн хэмжээнд хэдийнэ хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, ахмад настан гэсэн дөрвөн бүлэг дээр нэмж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай бүлэг болгон үзэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Бодит байдлыг харахаар өнөөдөр Монгол Улс 118 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй болчихож. Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд энэ бол бага тоо биш. Үнэндээ бид 100 мянган хүн амтай Хөвсгөл аймгийг хамгийн том аймаг гэдэг шүү дээ. Бодоод үз л дээ. Бидний хамгийн их хүн амтай гээд байгаа Хөвсгөл аймгийн хүн амаас хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо даруй 18 мянгаар олон байна. Юу хэлэх гээд байгааг минь ойлгосон уу.

Ойлгогдохоор хэлэхэд 100 мянган хүн амтай аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж УИХ-д хоёрын хоёр  хүн сууж байна. Гэтэл 118 мянгад хүрээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн асуудал, эрх ашгийг нь хамгаалах ганц ч хүн манай парламентад алга. Салбарын сайд гэж зарим нь хэлж магадгүй. Гэвч яам бол нийт масст л нийгмийн халамжийн чиглэлээр хүрч ажилладаг. Түүнээс биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тууштай барьж аваад цогцоор нь шийдэж даанч амжихгүй. Тэгээд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс халамж хайр нэртэй хэдэн бор төгрөг хүртэхийг л хүсдэг горьдогсод биш. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангая гэвэл тэдний төлөө стратегийн алхам хийх ёстой гэдгийг ч албаныхан нэгэнтээ тодорхойлсон. Өнөөг хүртэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бодлогод нөлөөлдөггүй, эрүүл мэнд, эсвэл даатгалын байгууллага хариуцах ёстой юм шиг хавсарга байдлаар ойлгож, хүн амын цөөнх мэтээр хардаг байсан нь үнэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тав, арван төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хиймэл гар, хөл, таяг, тэргэнцэр өгөх байдлаар асуудлыг шийдэж байна гэж үзэж ирсэнтэй ч санал нийлэх байх. Харин энэ чиг хандлага, үзлийг өнөөдрөөс эхлээд таягдан хөөе. Тэгэхийн тулд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг иж бүрэн шийдэх гарцыг олох нь чухал. 

Энэ гарцыг хэн нэгэн сайхан сэтгэлтэн, хэн нэгэн улс төрч, хэн нэгэн гэгээнтэн хэзээ ч шийдэж өгөхгүйг баттай хэлчихье. Тэгвэл хэн хийх ёстой вэ гэж үү. Тиймээ, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд л хийж чадна. Хүн өөрөө, өөрийнхөө л төлөө бүхнийг хийж чаддаг шүү дээ. Тиймээс л 118 мянгад хүрчихээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад хүн суулгамаар байгаа юм. Тэгж  байж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, боловсруулж, тогтоож, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.30) 2017 оны 05 сарын 22

хөгжлийн бэрхшээлтэй иргэд нам байгуулахгүй л бол С.Жавхлан гишүүн шиг л бно биз дээ

0  |  0
Top