ОНЦГОЙ КОМИСС: Ой, хээрийн ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ өндөр байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай  хамтран  ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр /2019.02.21/ хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Уг хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар нар оролцсон юм.

 

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан “Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га  талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Өчигдрийн  байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Гэсэн хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.   

 

Үүнтэй холбогдуулан  Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргаж,  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгоод байна” гэв.

 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр “Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,  насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top