НИТХ: Завсарлага дуусч, хуралдаан үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Хотын даргыг сонгох нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус VII хуралдаанаас АН-ын бүлгээс авсан завсарлага өндөрлөж, хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж байгаа бол төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг тодруулах санал хураалтын тооллогын комиссыг таван төлөөлөгчтэй байхаар тохиролцож, НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва “МАН-ын бүлгийн эв нэгдэлтэй хандах үүднээс бүлгээ төлөөлж таван хүнийг нэр дэвшүүлж байна” хэмээгээд Н.Батсүмбэрэл, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч Д.Баттулга нэгэнт нэр дэвшигчид өөрчлөгдөөгүй, санал өгөх төлөөлөгчид нь өөрчлөгдөөгүй тул өмнө нь тооллогын комисст ажиллаж байсан таван хүнийг дэвшүүлэх горимын санал гаргасан ч дэмжигдээгүй юм.

Мөн төлөөлөгч Ж.Батсайхан тооллогын комиссын гишүүдийг сонгох санал хураалтыг нууцаар явуулъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

Түүнчлэн төлөөлөгч Э.Бат-Үүлийн зүгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын нэрийг тооллогын комисст дэвшүүлсэн бол төлөөлөгч Б.Мөнхбатын зүгээс төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг нарын нэрийг дэвшүүлэх санал гарч удтал маргалдсаны эцэст НИТХ дахь МАН-ын бүлгээс 10 минутын завсарлага авч, цөөнхийн бүлэгтэй зөвшилцөх санал гаргаснаар хуралдаан түр завсарласан.  Ингээд Тооллогын комисс байгуулах асуудлаар МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан ч НИТХ дахь АН-ын бүлгээс дахин хоёр цагийн завсарлага хүсэлт гаргав. Үүнд хуралдааныг даргалагч Б.Батнасан хотын даргыг сонгох асуудал цаг тулсан учир АН-д нэг цагийн завсарлага өгөөд байсан юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top