2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулав

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулгыг сонслоо. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч, НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин хийлээ.

 

 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд түлшний хангамж, нөөц бүрдүүлэлт, зуухны төрлийг өөрчлөх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах юм байна. Мөн 80 мянган тонн түлш нөөцөлж, нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 435 борлуулалтын цэгээр айл өрхүүдэд түлш нийлүүлэх аж.

Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах нийслэлийн бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийт 21 хорооны 32 байршлын 69 зуухыг энэхүү төсөлд хамруулж, жилд 20,719 тонн түлшний хэрэглээг өөрчлөхөөр тооцжээ. Ингэснээр хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу ислийн ялгарлыг бууруулах боломжтой. Мөн 2026-2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө 750 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, Азийн Хөгжлийн Банктай хамтран 303 айл өрхийн халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулгад дурьдав. 

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөвхөн түлшний асуудлаар хязгаарлахгүйгээр гэр хорооллыг орон сууцжуулах, дулаалгын ажлыг эрчимжүүлэх, хийн халаалтад шилжих, нүүрс пиролизийн үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах зэрэг цогц арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдэд түшиглэсэн орон сууцжуулалтын бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг хэлээд, өмнөх хугацаанд хэрэгжүүлсэн дулаалгын ажлын үр дүн, иргэдэд олгох урамшуулал, хийн халаалтад шилжүүлэх ажлын явцын талаар тодрууллаа. Мөн хагас коксон түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахын ач холбогдлыг онцолсон юм. 

 

 

Нийслэлийн Засаг даргын даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин, 4,100 айлын дулаалгын ажлыг бүрэн хийж дуусгасан, мөн хийн халаалтад шилжүүлэх ажлын хүрээнд 5,000 орчим айлыг хийн сүлжээнд холбож, 26 цэнэглэх цэг ажиллаж байгааг мэдээлэв. Цаашид 32 цэнэглэх цэг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хагас коксон түлшний үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулна гэв.

НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул өнгөрсөн хугацаанд нийслэлээс хэрэгжүүлсэн дулаалгын ажлын үр дүнг онцолж, агаарын бохирдлыг бууруулахын тулд зөвхөн түлшний хэрэглээнд анхаарах бус утаагүй бүс бий болгох, дулаан хангамжийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд илүү зоригтой, үр дүнтэй арга хэмжээ авах санал гаргав. Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа агаарын бохирдол нь хот төлөвлөлттэй шууд холбоотой асуудал гэдгийг онцолж, нүүрс пиролизийн үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь барьж байгуулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатайг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.Пүрэвдагва агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, нүүрс пиролизийн үйлдвэрийн төслийг шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв. Тэрбээр, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нэг ч өдрийг алдалгүй, үе шат бүрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top