НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тус газрын шалгалтаар Ж.Энхжаргалан нь албаны эрх мэдэл, нөлөөг ашиглан зохих тушаал, шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон байна. Түүнчлэн үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нийт 222.8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж, давуу байдал олгосон үйлдлийг тогтоожээ.

Мөн өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөс төлүүлж, улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсан нь ч тогтоогдсон байна.

Ж.Энхжаргалан нь 2024-2025 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Тэрээр 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top