НИТХ: Санал хураалт зохион байгуулах тооллогын комиссыг сонголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Хотын даргыг сонгох нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус VII хуралдаан 11:00 цагт нээлтээ хийснээс хойш долоон цаг өнгөрч, МАН, АН-ын бүлгээс ээлжлэн дөрвөн удаа завсарлага авсны эцэст үргэлжлэн хуралдаж байна.  

Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж байгаа бол төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Хуралдаан эхэлсэн цагаас эхлэн тооллогын комиссыг сонгох тухай ярьсаар дөрөв дэх удаагаа завсарлаад байв. Нийслэлийн Засаг даргыг тодруулах санал хураалтын тооллогын комиссыг таван төлөөлөгчтэй байхаар тохиролцож, НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва “МАН-ын бүлгийн эв нэгдэлтэй хандах үүднээс бүлгээ төлөөлж таван хүнийг нэр дэвшүүлж байна” хэмээгээд Н.Батсүмбэрэл, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлсэн боловч олонхийн саналаар дэмжсэнгүй.

Төлөөлөгч Э.Бат-Үүлийн зүгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын нэрийг тооллогын комисст дэвшүүлсэн бол төлөөлөгч Б.Мөнхбатын зүгээс төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг нарын нэрийг дэвшүүлсэн. 

НИТХ-ын МАН-ын бүлгээс оруулж ирсэн таван хүний нэр унасантай холбогдуулж, тус бүлгийн дарга Р.Дагва “Гурван субъектээс нийт есөн хүнийг тооллогын комисст нэр дэвшүүлсэн. МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн таван хүний асуудал уначихлаа. Тэгэхээр дөрвөн хүний нэр үлдэж байна. Бид таван хүнийг тооллогын комисст сонгох ёстой. Нэгэнт нэр дэвшилт хаачихсан учраас дахиж ярих шаардлагатай” гэснээр дахин нэг цагийн завсарлага аваад байв.

Ийнхүү цаг илүү хуралдсаны эцэст хоёр бүлэг зөвшилцөлд хүрч, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг нарын нэрийг дэвшүүлэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 45 гишүүнээс 31 нь дэмжиж, тооллогын комиссыг сонголоо.

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top