Хотын даргыг сонгох нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус VII хуралдаан нууц санал хураалтаар үргэлжилж байна. Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, нарийн бичгийн даргаар Д.Баярсайхан ажиллаж байгаа бол тооллогын комиссын гишүүдээр Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан, Ц.Одонтунгалаг нар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн бол төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа юм.
Тооллогын комиссоос нууц санал хураалтын журмыг урьдчилж тогтсон бөгөөд нууц санал хураалтын явцад НИТХ-ын 45 төлөөлөгчийг бусдаас хараат бус, бие даасан байдлаар саналаа өгөхийг анхааруулж байв. Төлөөлөгчид саналаа зөвхөн нэг нэр дэвшигчид өгөх бөгөөд санал хураалт тэнцсэн тохиолдолд санал хураалтыг дахин явуулахаар тооллогын комисс шийдвэрлэлээ.
Хуралдааны үеэр тооллогын комиссын журамд нэмэлтээр өөрчлөлт оруулахыг НИТХ-ын төлөөлөгчид хүсч байлаа. Тухайлбал, төлөөлөгч Ц.Баатархүү хоёр нэр дэвшигчид ажиглалт хийх боломж олгох санал тавьсан бол төлөөлөгч Ц.Сандаг-Очир санал хураалтын нууцлалыг алдагдуулахгүй байдлаар видео камераар баримтжуулан, шууд дамжуулахыг хүслээ. Мөн төлөөлөгч Б.Мөнхбат нууц санал хураалтыг хэн нэгэнд мэдээлэхийг оролдсон тохиолдолд хүчингүйд тооцдог байхыг санууллаа.
Үүний хариуд тооллогын комисс дахин зөвлөлдсөний эцэст тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл “Ажлын албаны архивын камерыг санал авах танхимд байршуулна. Сонгуулийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд өөр камер оруулах боломжгүй. Мөн нэр дэвшигчдийг санал авах танхимд оруулах боломжгүй. Харин санал өгсөн байдлаа хэн нэгэнд мэдээлэх зорилгоор утас ашиглахаас сэргийлж, гар утсыг хураана. Саналын хуудсыг дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хүчингүйд тооцно” гэсэн юм.
НИТХ-ын хуралдаан нууц санал хураалтаар үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )