НИТХ-ын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан эрх баригч намын итгэл найдвар, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгээр Улаанбаатар хотын захирагчаар дэмжигдлээ. Олон ургальч үзэл бүхий НИТХ-ыг удирдах амаргүй ажилд зүтгэх зуурт чамгүй ажил амжуулсан гэх дүгнэлт түүнийг дагалддаг. Тэгэхээр түүнд хийж амжаагүй, төлөвлөж, тогтоол гаргаж орхисон ажил олон байж таарна. Тодотгож хэлбэл, гүйцэтгэх шатанд ирсэн олон ажил түүнийг угтан авч байгаа нь дамжиггүй. Тэгэхээр С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа төлөөлөгчдийнхөө олонхиор шийдүүлж чадсан ажлаа өөрөө гүйцэтгэх алтан боломжийн индэр дээр гарч ирсэн нь юу юунаас чухал. Товчхондоо, Засаг дарга бол НИТХ-аас гаргасан шийдвэрийг гүйцэтгэгч шүү дээ.
С.Амарсайхан одоо өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө гүйцэтгэх болж байгаа нь хэн хүнд олдохгүй алтан боломж учраас залуу даргыг урмаар ташуурдах нь зөв юм.
Тэрбээр НИТХ-ын даргаар ажиллаж ахуй цагтаа ”100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдэн, Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэж байсан. Одоо тэр хэн нэгнийг шахах хэрэггүй. Энэ мэтээр нэгэнт гарчихсан шийдвэрийг гүйцэтгэх эрх нь түүнд ирлээ гэсэн үг. Энэ тухайд үе үеийн НИТХ, Засаг дарга нар шийдвэр, захирамж гаргаж байсан ч дорвитой ажил болгосон нь үгүй юм. Тэгэхээр залуухан дарга тогтоол үйлдэж, энэ эрчээрээ захуудыг нийслэлээс гаргах нь ойлгомжтой болж байна.
Хамгийн наад захын жишээ гэвэл, Э.Бат-Үүл нар ”Ганнам” дүүрэг гэх мэт тэнгэрийн зүйл ярьсаар байгаад суудлаасаа буусан. Уг нь тэнгэрийн зүйл ярьж байхаараа алба залгуулах хугацаандаа бодит ажил хийгээд явах нь хамгийн үнэт зүйл байдаг гэдгийг ойлгох байж. Тодотгож хэлбэл, эгэл хэрнээ түүхэн үйлс бүтээсэн хүн ард түмний сэтгэлд үргэлж ойр үлддэгт хамаг учир бий. Түүнээс ашиг тусаар бага алтан цамхаг босгоод ч дурдагдахгүй өнгөрөх нь олонтаа. Төрийн бодлогоор дахин төлөвлөлт, оронсууцжуулах ажил явдгаараа л явна. Төсөв хөрөнгөнийхөө хэрээр л урагшилж ахих байх. Түүнээс цаасан дээр тоо тавьж сайхан зураг зураад хот босгочихгүй. Хамгийн наад зах нь нийслэлд тулгамдаад байгаа энэ эмх замбараагүй худалдаа үйлчилгээний газруудаа цэгцлэх нь юу юунаас чухал.
Мөнхүү урьд өмнө эхлүүлээд орхисон автомашины захуудыг ”22-ын товчоо”-руу нүүлгэн шилжүүлэх ажил хэтэрхий удааширалтай байсныг С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа түргэнд нь оруулсан. Төмөр зам дахь ”1000 автомашины худалдаа”-ны газрынхан эзэмшил ярьж нүүхгүй гүрийсээр байсан. Харин зоримог шийдвэр гарсны үр дүнд нүүлгэн шилжүүлж чадсан. Тус газрынхан ”цагдаагийн хүч хэрэглэх нь”, ”газар булаах нь” гэх зэргээр мэдээлэл тараагаад амжсан. Төрөөс гаргасан захирамж шийдвэр бол хууль.
Барилгын материалын зах, дэлгүүрүүд, автомашин худалдаалах захуудыг нүүлгэснээр нийслэлийн агаар орчин, хөрсний бохирдолд эрс өөрчлөлт гарна. Хамгийн наад зах нь түгжрэл сааруулах нэгэн үндэс болно. Замаа давхарлах, метротой болох үлгэр ярьж сууснаас гар дор гүйцэтгэж болох энэ мэт ажлаасаа эхлүүлэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд манай эдийн засаг зам давхарлах нь бүү хэл байгаа уулзвар замаа засч чадахгүйд хүрсэн. Метротой болох байтугай шугамын автобусаа шинэчилж чадахгүй сууж байна. Ингэхээр хаа хаанаа тэнгэрийн зүйл ярихаа багасгаад өөрт байгаа нөхцөл боломжидоо тулгуурлан ажиллахад болохгүй зүйл алга гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энд С.Амарсайханд талархахаас илүүтэй орон нутгийн хэмжээнд ямар боломж нөхцөл байна, түүндээ түшиглэсэн бодлого боловсруулж, шахаж ажиллахыг л сануулаад байгаа хэрэг. Түүнээс бус сонгууль болохоор метроны зурагтай цаас бариад айлаар хэсээд байж болохгүй. Өндөр өндөр барилга, өргөн гудамж, ногоон байгууламжийн өнгөт зураг үзүүлэн санал гуйгаад явах нь бүр ч утгагүй. Эдийн засгийн хямрал урт удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэгт найдая. Хямрал арилгана гэж эрх баригчдадаа найддаггүй юм гэхэд манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тэнгэрт гарах өдөр ирнэ гэдэгт найдах нь ч илүү чухал байж магад. Тэр цагт л метро, өргөн гудамж, өндөр байшингаа ярих хэрэгтэй. Түүнээс өмнө элгээрээ хэвтсэн эдийн засагтай улс орны эрхтэн дархтан тэнгэрийн зүүд ярих нь ямагт худлаа сонсогдоно гэдгийг хаа хаанаа сануулсаар. Утааны тухайд ч 20 гаруй жил тэнгэрийн зүүд ярьж, газарт буусан бизнес хийсээр ирсэн. Зүүд ярилаа гээд утаа улам л нэмэгдсэн үү гэхээс багасаагүйг бид харж л байна. Харин энэ жилээс арай өөр өөр шийдэл ярьж байгаад иргэд талархалтай сууна.
Цаашид Оюутны хотхоныг нүүлгэн шилжүүлнэ гэсэн төслийг ч зоригтойхон хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ мэт асуудлаа шийдэж чадвал түгжрэл ч ярихын хэрэггүй, утаа ч багасна гээд олон талд эерэг үр дүн гарна. Оюутны хотхоныг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой зардал гарах ч манай төсөвт ямар ч дарамтгүй гэж мэргэжлийн багийнхан үндэслэл гаргаж тавьсан. Гагцхүү үүнд зориг дутаж байгаа юм. Төрөөс боловсруулсан баримт бичиг, түүний бодлого явдгаараа явна. Харин орон нутгийн өөрийн төсөвт өртөгт багтаагаад шийдчих олон асуудал эзнээ хүлээж байгааг туршлагатай мэргэжилтнүүд өгүүлсээр. Тэгэхээр НИТХ-ын даргаас Нийслэлийн Засаг дарга болсон С.Амарсайханд талархая.
Сэтгэгдэл ( 3 )
Баяр хүргэе. Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
С.Амарсайхан чинь харин ч нэг ажлыг хийсэн шиг хийдэг залуу харагдаад байгаа юм даа.
100 алын асуудал шийдвэрлэгднхнээ.өөрийнх н хамгийн түрүүнд иргэдэд амалсан амлалт.одоо л. Харья.урьд н эрх. Хэмжээ. хүрэхгүй бна гэж бодсон.амжилт