Димаштай уулзахаар зорьсон хүнд өвчтэй эмээгийн түүх

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Шинэ Зеландын Анита Рай Уорд хэмээх эмээ аймшигт газар хөдлөлтөөр орон гэрээ алдаж, бизнес нь сүйрч, өөрөө хорт хавдар тусан, маш олон жил сэтгэлийн гүн хямралд байсан хүн. Гэвч тэр казах дуучин Димаш Кудайбергений бичлэгийг үзээд дахин амьдрах эрч хүчтэй болсон юм.

2010 оны 9-р сарын 4. Өглөөний 04.15 цаг. Шинэ Зеландын Крайстчерч хотод болсон 7 баллын хүчтэй газар хөдлөлт Анита Рай Уордыг сэрээлээ. Цонхоор хартал байшин, барилга, зам бүгд нурж сүйджээ. Гамшиг үргэлжилсээр 2011 оны хоёрдугаар сард дахин болсон хүчтэй газар хөдлөлт хотыг бараг тэр чигээр нь булшилсан юм. 181 хүн амьдаараа газар булагдаж, олон мянган хүн орон гэр, ажлаа алдсан билээ.

Рай Уорд эсэн мэнд үлдсэн ч гэр, дэлгүүрээ алджээ. Тэр хэзээ ч хуучин шигээ амьдарч чадахгүй болсноо мэдэрч байв. Энэ үед Рай нэгэн казах залуу дуучин түүнийг амьдралд буцаан авчирна, Шинэ Зеландаас алс хол Казахстанд очно гэдгээ зүүдлээ ч үгүй байсан юм.

Олон жилийн зовлон зүдгүүр

Рай Уорд амьдралаа сэргээх гэж арай ядан оролдож байсан тэр үед буюу 2011 оны 4-р сард бөөрний хорт хавдар туссанаа эмчээс дууллаа. Хагалгаанд орж, химийн эмчилгээ эхлэв. 2 жилийн дараа ах нь хорт хавдраар өөд боллоо. Ах нь түүнийг харж халамжилдаг цорын ганц хүн байсан болохоор Рай сэтгэлээр нэг мөсөн унажээ.

“Ах нас барснаас хойш 4 жил хэртэй би амьд эсэхээ ч мэдрэхгүй өнгөрөөсөн. Бөөрний дутагдалд орж, байнга шаналгаатай. Үнэхээр хэцүү байсан” гэж тэр ярьж байна.

2017 оны есдүгээр сард Рай Уорд YouTube суваг үзээд сууж байлаа. Санамсаргүй “Дэлхийн шилдэг хоолой” гэсэн бичлэгийг үзтэл Димаш Кудайберген байх нь тэр.

“Би сонсоод шууд шоконд орсон. Сэтгэл татагдахын зэрэгцээ айх ч шиг. Ингээд би түүний дууг сонсож эхэлсэн. Өдөрт хэдэн цагаар ч хамаагүй сонсоно. Димаш миний зүрх, сэтгэлийг амь оруулсан. Гэрбүл, найз нөхөд минь намайг галзуураагүй байгаа гэж гайхаж байв. Димашийн дууг сонсоход өвчин намдаж, сэтгэл тайтгаран, би аз жаргалыг мэдэрч байлаа” Рай Уорд.

Уорд Димашийн олон улсын фэн клуб DKIFC (DimashKudaibergenInternationalFanClub)-д элсэж, удалгүй өөрөө Шинэ Зеланд дахь фэн клуб “Dimash New Zealand”-ийг байгууллаа. Рай Уорд Димашийн дуулахыг өөрийн нүдээр харах хүсэлд автаж, амьдрал нь зорилготой болжээ.

Казахстанд хийсэн аялал

Димашийн фэн Жаннур Жолдасхан хэмээх бүсгүй түүнд их тус болсон юм. Шинэ Зеланд эмээгийн хүслийг сонссон тэрбээр туслаад зогсохгүй казах хэл ч зааж өгсөн байна. “D-Dynasty” тоглолтын тухай сонсоод Рай Уорд эхлээд Хятадад концерт үзээд дараа нь Димашийн нутагт очих том шийдвэр гаргалаа.

“Аялахын тулд хүч чадалтай байх ёстой. Би 20 кг жин хасах зорилго тавин, усанд сэлж эхэлсэн. Аяллаас 7 хоногийн өмнө зорилгодоо хүрсэн. Тэргэнцэр ашиглах нь тодорхой байлаа. Эмнэлгийн шинжилгээний хариу муу гарах болгонд төлөвлөгөө өөрчлөгдөж байлаа” Рай Уорд.

Ингээд өнгөрсөн оны тавдугаар сард Димашийн австрали фэнүүдийн хамт замдаа гарлаа. Хятадын Шэньчжэнд тэр бусад Dears (Димашийн фэнүүдийн нэр)-тайгаа уулзсан юм. Зочид буудалд түүн дээр Димашийн аав ээж хоёр  ирж уулзахад Рай казах хэлээр ярьдаг болчихсон байв.  

Энэ концерт дээр Рай сүүлийн 9 жилд анх удаагаа баярлан инээж байгаагаа өөрөө анзаарчээ.  Рай Уорд Алматыд очихдоо хөл нь хавдаж, алхаж хөдлөж ч чадахгүй болсон байв.

Димаштай уулзав

Алматыд 7, Астанад 1 хоноод Актобад очлоо. Энд хүүхдийн наадмын шагнал гардуулах ёслол дээр Димаш дуулах ёстой байв.

“Бид тасалбар хайгаад явж байв. Гэнэт өндөр залуу хүрч ирээд мөрөн дээр гараа тавьдаг байгаа. Хартал Димаш байна. Асгартал уйлмаар байсан ч арай ядан амьсгал авч байгаа хүн уйлж чаддаггүй. Димаш надад бэлэг бэлтгэсэн гэж байна. Уг нь би ингэж хэлэх ёстой гээд л би ч бэлгээ гаргаж ирсэн” Рай Уорд.

Димаш эмээг тэргэнцэртэй түрээд тоглолтын танхимд очжээ.

“Надад үнэхээр эвгүй байсан. Шинэ Зеландаас ирсэн нэг солиотой эмээг ингэж халамжлах гэж”

Тоглолтын дараа Димаш эмээд доомбор хөгжим бэлэглэсэн бол ээж нь үндэсний хувцас, алчуур дурсгасан байна. Маргааш нь Димаш түүнийг хоолонд урьж, Уорд эмээгийн аз жаргал үргэлжилжээ.

Ийнхүү аялал өндөрлөж, эмээ гэртээ эргэн ирлээ. Шинжилгээ хийлгэтэл бие нь илт сайжирч, дээрдсэн байсан тул эмч нар ихэд гайхсан гэдэг. Энэ бол Димашийн ач тус гэж Уорд эмээ боддог. Мэдээж тэр одоо ч хүнд өвчинтэй тэмцэж байгаа. Химийн эмчилгээ, хоолны дэглэм хүнд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ 63 настай эмээ дахиад 15 мянган км-ийн тэртээх алс хол Казахстанд очно, өөрт нь амьдрал бэлэглэсэн тэр сайхан хоолойг дахин сонсоно гэдэгтээ итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(95.57.229.199) 2019 оны 10 сарын 11

Энэтгэг улсын ойролцоо аралд амьдардаг эмэгтэйн талаар буур ч сонин туухтэй. Уерхэдэг залуугиин хун алсан учраас амьдралаас зугтааж аралд ганцаараа амьдардаг , хунтэйч ярьдгуй байжээ. Нэг одор хоол авахаар дэлгуур руу машинаар яавж байгаад радиогоор Димашын дууг сонсчээ. Машинаа зогсоож нулмисаа дуустал уйлжээ. Энэ дуу туунд эргэж амьдрал байна гэдэгииг сануулсан гэнэ . Энэ бол хунии дуу биш бурханы дуу байлаа гэж бичжээ. олж уншарай маш сонин туух.

1  |  0
zochin(176.158.21.29) 2023 оны 02 сарын 21

Yamar mundag eedreg setgeltei emee ve Ene emee shig ingej saixan etlex yumsan

2  |  0
Сонор(112.72.11.109) 2023 оны 02 сарын 21

Дэлхий нийтээрээ Димашыг сонсож бна.бурханы дуу хоолой.өөр гаригын хүн гд .

2  |  0
хн(150.129.142.241) 2023 оны 02 сарын 21

ок сайн дуулссан

2  |  0
Зочин(66.181.188.53) 2023 оны 02 сарын 21

Зочин гоё түүх байна. Ингэж хэн нэгэнд сэтгэл зүрхээ зориулан тэмүүлж эрч хүч авах юмсан

2  |  0
Зочин (150.129.142.169) 2023 оны 02 сарын 21

Гайхамшигтай.

2  |  0
Top