С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас ЧӨЛӨӨЛЛӨӨ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд НИТХ-ын даргын үүрэгт ажлаас С.Амарсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжилсан тул С.Амарсайхан өөрийн хүсэлтээр НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсний дагуу уг асуудлыг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх дэд бүтцийн асуудал гацаад байгаа. Үүнийг төсвийн тодотгол хийх замаар шийдэж өгөх үү?” гэж асуухад Засаг дарга С.Амарсайхан "Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн ажлыг сайжруулна. Гэр хороололд бие даасан “Сервис центр”-үүдийг байгуулна. Эхний ээлж нь ашиглалтад орж байгаа. Цаашаа богино хугацаанд олон айлыг дэд бүтцэд холбоно. Мөн НОСК-ийн шугамаар дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Төсөвт тодотгол хийх ажил хүндрэлтэй байгаа. Гэхдээ хууль журмын дагуу орон нутаг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд тодотгол хийх шаардлага гарвал тодотгол хийнэ" гэж хариулав.

Мөн Э.Бат-Үүл “Засаг дараг болоод өрөөндөө засвар хийлгүйгээр “иргэншсэн” дарга байж чадах уу?” гэж асуухад “Би Монгол Улсын нийслэлийг хөгжүүлэхийн төлөө сонгогдоод гарч ирсэн. Тиймээс өрөөний засвар хийгээд үнэтэй тавилга авчрахгүй. Би өрөөгөө солихгүй. Одоо байгаа өрөөндөө ажиллана. Энэ өрөө маань ажил хэргээ үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа” хэмээн хариуллаа.

Ингээд НИТХ-ын төлөөлөгчид С.Амарсайханыг НИТХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 73.68 хувийн саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.247) 2019 оны 03 сарын 01

Боломжийн дарга байх шүү, Харах л улдлээ,,, Гол нь шударга ажиллах ёстой...

0  |  0
S(139.5.217.184) 2019 оны 02 сарын 28

Bayar**

0  |  0
S(139.5.217.184) 2019 оны 02 сарын 28

Nagar hurgeye!

0  |  0
Top