Шоронгоос суллагдсан этгээд ЖАЙКА-гийн нэр барьж, залилан хийжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Шоронгоос суллагдсан этгээд иргэдийг улсын төсөл, хөтөлбөрт хамруулж өгнө хэмээн залилангийн гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Сэжигтэн этгээд нь  Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял, 2007 онд зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд тэнсэн суллагдсан байна. Түүнчлэн 2016 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөн хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, өнгөрөгч оны гуравдугаар сард суллагдсан ба Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй М гэгч болохыг тогтоожээ.

Сэжигтэн этгээд одоогийн байдлаар  /Улаанбаатар хот болон  13 аймгийн 26 суманд/  нийт 43 удаагийн үйлдлээр 46 хохирогчоос 15.795.000 төгрөгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа аж.

Түүний залилан мэхлэх гол арга нь “Үндэсний лавлах 1900-1950” гэсэн лавлах утаснаас тухайн сум орон нутгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын утасны дугаар, мөн байгууллагын дарга нарын утасны дугааруудыг авч, Олон улсын ЖАЙКА байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам зэрэг байгууллагуудын нэрийг барин, Олон улсын ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ амьдрал төсөл”, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Буцалтгүй тусламжийн төсөл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж буй “Улсаас буцалтгүй тусламж олгох төсөл” зэрэгт хамруулна хэмээн урьдчилгаа төлбөр авч, залилах гэмт хэргээ үйлддэг байна.

Иймд, иргэд та бүхэн танихгүй хүнтэй утсаар холбогдож, тэдний амлалтад итгэж мөнгөө шилжүүлэхгүй байх, мөн өөрийн дансаар бусдын мөнгийг шилжүүлэн авч өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top