Чингэлтэй дүүрэгт байгуулсан дэд бүтцийн төвтэй танилцав

2019 оны 03 сарын 12

Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага "Дэд бүтцийн төв" төсөл хэрэгжүүлж буй билээ. Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Б.Бямбадорж, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс танилцав.

Чингэлтэй дүүргийн VII хороо нь Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их нягтралтай хэсгүүдийн нэг. Төслийн хүрээнд 2017 оноос дээрх таван гудамжны 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөлд хамруулсан таван гудамжинд инженерийн шугам сүлжээг татсан, өдгөө айл өрхүүд гэр рүүгээ холболт хийх л үлдээд байгааг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэв. Нийтдээ 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ёстойгоос өнөөдрийн байдлаар 40 орчим өрхийг холбоод байна. Мөн төсөлд хамрагдсан 285 өрхийн 28 нь амины орон сууц барьж, 104 нь дулаалгын аянд хамрагджээ.

Эл төслийн хүрээнд тухайн хорооны хоёр гудамжийг жишиг гудамж болгон тохижуулсан. Мөн дулааны 85, бохирын 92 худаг хийж, дулааны 2805, бохирын 2200 мерт шугам татсан байна. Ирэх сараас инженерийн шугам сүлжээг айл руу хүргэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид 2.2 км урт авто болон явган зам тавьж, ногоон байгууламж, ниймэл нуур байгуулан, орчныг нь иж бүрэн гэрэлтүүлэг, камертай болгох юм.

Улаанбаатар хотын гэр хороололд байгуулсан анхны цэвэрлэх байгууламжийг Чингэлтэй дүүргийн VII хороонд "Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулж байна. Тус байгууламж нь өдөр 500 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өргөтгөн ашиглах боломжтой аж. Түүнчлэн бохирыг 99.9 хувь цэвэршүүлнэ гэдгийг албаныхан онцлов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Дагва төслийн ажлын явцтай танилцаад "Нийслэлийн 50 байршилд "Дэд бүтцийн төв" байгуулна. Одоогоор 16 байршлынх нь ТЭЗҮ-ийг боловсруулж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдөр эхний засгвар төсөлтэй танилцлаа. Иргэдийн сэтгэл ханамж хотын удирдлагад урам өглөө. Тиймээс Засгийн газар, БХБЯ-тай дараа дараагийн ажлын санхүүжилтийг ярилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь зүйтэй юм байна. Төслийн хүрээнд хийсэн ажлуудын хамгийн өндөр өртөгтэй нь цэвэрлэх байгууламж. Энэ хорооны айлуудаас гадна дахин 300 өрхийн бохирыг цэвэрлэх чадалтай. Тиймээс дараагийн төслүүдийг хаана хэрэгжүүлэх вэ нухацтай тооцоолж, өндөр өртгөөр байгуулсан цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглах нь зүйтэй" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын орчин, нөхцөл сайжраад зогсохгүй ажлын байр бий болгож буй давуу талтайг онцлов. Тиймээс дэд бүтцийн төвийн ашиглалтыг, үйл ажиллагааны менежментийг анхнаас нь зөв авч явах ёстойг хэллээ. Мөн дан ганц төсвийн хөрөнгө оруулалт бус, бусад эх үүсвэрийн санхүүжилтээр тус төслийг үлдсэн байршлуудад хэрэгжүүлнэ гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.72) 2019 оны 03 сарын 12

Яг хаана юм болоо

0  |  0
Top