Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Монголд өвчний улмаас нас барсан ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаковын цогцсыг өчигдөр онгоцоор Москвад хүргэсэн байна.
“Особенности национальной охоты” киноны генералын дүрээрээ “Ард түмний генерал” гэж нэрлэгдсэн алдарт жүжигчинтэй хийх салах ёслолыг Даваа гарагт буюу 8-нд 11.00 цагаас Москва хотын Кино урлагийн Ордонд хийнэ. Ёслолын дараа Троекуровск оршуулгын газарт хөдөөлүүлэх юм.
Хэдий 68 настай байсан ч Алексей Булдаков маш завгүй хүн байлаа. Улаанбаатарт найзынхаа төрсөн өдөрт ирэхээсээ өмнө тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Буриадад болсон мөсөн загасчлалын тэмцээнд хүндэт зочноор оролцсон. Тэр үеэр үзэгчидтэй уулзалт ярилцлага хийж, хэд хэдэн дуу дуулсан. “Не для меня придет весна” (Хавар миний төлөө ирэхгүй) дууг дуулахдаа нулимс унагааж, “Энэ миний дуртай дуу” гэж хэлж байжээ.
Мөн бууз идэж, анх Байгаль далайд ирж байснаа дурсан санаж байсан байна. “Бууз үнэхээр амттай юм. Улаан-Үдийн зочид буудлын лифт дотор “Хэрэв та манай ресторанд ороогүй бол Буриадад огт ирээгүй үг” гэсэн бичиг байлаа. Тэр ресторанд хонины махтай бууз идсэн” гэж тэр долоохон хоногийн өмнө ярьж байлаа.
Кинонд ч дүр бүтээсэн хэвээр байсан бөгөөд түүний тоглосон сүүлийн кино болох “Дикие предки” 2019 оны сүүлээр дэлгэцэнд гарах юм. Мөн энэ жил Германы хотуудаар аялан тоглолт хийхээр тасалбараа худалдаанд гаргаад байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Харамсалтай,Генерал Иволгин ,мундаг жүжигчин,энгийн сайхан хүн сонин өвөрмөц дуу хоолойтой.Ум ма ни бад мэ хум