Булдаков монгол архинд хордсон гэдэг нь батлагдсангүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков өнгөрсөн сар Улаанбаатар хотод нас нөгчсөнөөс хойш 40 хоног өнгөрлөө. Нэрт жүжигчин Монголд найзынхаа төрсөн өдөрт оролцохоор ирээд байсан юм. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-наас үхлийн шалтгаан нь “зүрхний өвчин” гэж мэдээлсэн билээ.

Харин ОХУ-ын телевизийн хөтлөгч Андрей Малахов нэрт жүжигчний үхлийн талаар хувийн мөрдлөгө явуулсан байна. Андрей Малахов бол алдартай хүмүүсийн гэр бүлийн шуугиан, салалт, үхлээр нэвтрүүлэг хийдэг хүн. Энэ удаад ч тэр Алексей Булдаковын үхлээр шоу хийхээр шийджээ.

“Алексей Булдаковын үхлээс 40 хоногийн дараа бид түүний гэрээслэлийг студид зарлан, үхлийн шалтгааныг нь мэдэгдэх болно. Түүний гэргий Людмила, ах Леонид нар үхлийн албан ёсны тайлбарт итгэхгүй байгаа. Манай телевизийн тусгай баг Улаанбаатарт Булдаковын байрлаж байсан зочид буудалд очсон. Ардын жүжигчний идэж байсан хоол, уусан архины дээжийг Москвад авчирч, биохимийн шинжилгээнд өгсөн. Ямар аймшигтай дүн гарсныг студид зарлах болно” гэж Андрей Малахов нэвтрүүлэг гарахаас өмнө сүржин мэдэгдсэн юм.

Өчигдөр /2019.05.15/ дэлгэцэнд гарсан "Россия 1” сувгийн “Прямой эфир” нэвтрүүлэгт Буриадын дуучин Мэдэгма Доржиева оролцлоо. Мэдэгма “Монгол явахаасаа өмнө Алексей Булдаков Буриадад загасчлалын тэмцээний хүндэт зочноор оролцсон. Тайзан дээр гарч дуу дуулахдаа царай нь эвгүй харагдаж байсан” гэж ярьсан.

Андрей Малахов “Яагаад Ардын жүжигчний үхлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа нь сэжигтэй. Бид хувийн мөрдлөгө явуулж, нууцыг задлалаа. Булдаковын нас барсан зочид буудлын бүх камерийн бичлэгийг цагдаа нар хураан авсан нь хачирхалтай. Гэрчүүд ч тэр талаар ярихыг хүсэхгүй байна” гэж ярьж байв.

Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Елена Кара-Сал уг хэрэгт ямар ч учир битүүлэг зүйл байхгүй гэж хэлсэн юм.

Харин Андрей Малахов “Алексей Булдаков монгол архинд хордсон гэсэн яриа бий. Нас барахаасаа хэдэн цагийн өмнө тэр ресторанд хооллож, архи уусан гэсэн мэдээ бидэнд ирсэн. Манай багийнхан түүний идсэн хоол, уусан архийг олж авсан. Москвад шинжилгээнд өгсөн” гэж хэлсэн.

Гэвч ОХУ-ын шинжилгээний лабораторийн ажилтан тус нэвтрүүлэгт “Бид тэр архины химийн шинжилгээг хийсэн. Ямар ч хортой зүйл гараагүй. Манай улсын стандартын шаардлагад бүрэн таарсан. Хордуулах зүйл байхгүй” гэж мэдэгдсэнээр Булдаков монгол архинд хордсон гэсэн цуу яриа үндэслэлгүй болох нь батлагдлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.128) 2019 оны 05 сарын 16

товарищ малахов, не врите пожалуйста, наша водка чистая как байкальское озеро

1  |  0
Зочин(202.179.27.182) 2019 оны 05 сарын 16

Зүрх муутайн дээр архидаж байгаад хаагдаа биз

0  |  0
zochin(139.5.217.253) 2019 оны 05 сарын 16

muusayn orosuud uursduu nutagtaa baynga l khuuramch arkhi gudardagaa meddegguy yum baykh daa

0  |  1
Top