Лалын Бүгд Найрамдах Иран Улсад эмэгтэйчүүд хижаб өмсгөл заавал өмсөхийг заасан хуулийг эсэргүүцэн Тегеран хотын Энгелаб талбай дээр олны нүдэн дээр хижабаа тайлсан эмэгтэйд нэг жилийн хорих ял оноосон гэж түүний өмгөөлөгч өчигдөр /2019.04.14/ мэдээлжээ.
Вида Мовахэди энэ үйлдлийнхээ төлөө өнгөрсөн оны аравдугаар сард саатуулагдсан билээ. Тегераны шүүх түүнд авлига, садар самууныг сурталчилсан гэх хэргээр нэг жилийн хорих ял оноосон байна. 2017 оны арванхоёрдугаар сард тэрбээр дээрх хуулийг эсэргүүцэн Энгелаб талбай дээр эмэгтэйчүүд заавал өмсөх ёстой урт даашинз өмсөлгүй, цагаан өнгийн хижаб өлгөсөн мод барьж зогсон эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүний энэ үйлдлийг хэд хэдэн өөр хотын эмэгтэйчүүд мөн дурайн, дуу хоолойгоо нэгтгэсэн байна.
Фарси хэлээр хувьсгал гэх утгыг илэрхийлдэг Энгелаб нэртэй талбай нь тус улсын нийслэлийн хүн ихтэй газруудын нэг. Хувьсгалт гудамжны охид нэрээр алдаршаад буй охид бүгд баривчлагдсан хэдий ч анх санаачилга гаргасан гэж зөвхөн Мовахэдид ял оноосон байна.
Мовахэди хоёр настай охинтой бөгөөд энэ үйлдэл нь улс төрийн зорилго агуулаагүй тул шүүх түүнд зөөлөн хандаж байгаа бөгөөд батлан даалтад гарах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авахад бэлэн гэж мэдэгджээ. Хэдийгээр тэрбээр батлан даалтад гарах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан ч хүнд суртлын улмаас ганц нь ч хүрэх газартаа очоогүй тул түүний өмгөөлөгч ийнхүү хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм байна.
Сэтгэгдэл ( 0 )