АНУ-д “Хаадын тоглоом”-ыг 17.4 сая хүн үзжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Өнгөрсөн ням гарагт /2019.04.14/ нээлт нь болсон “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом”-ын наймдугаар бүлгийн эхний ангийг АНУ-д 17.4 сая хүн үзжээ.

HBO телевизийн мэдээллээс үзвэл, энэ нь дундад зууны тухай уран зөгнөлт цуврал киноны хувьд дээд амжилт юм. Үүний сацуу, энэ киноны сүүлчийн бүлгийн нээлт олон нийтийн сүлжээнд хамгийн олон удаа дурдагджээ. Амралтын өдрүүдэд Твиттерт гэхэд нийт тав гаруй сая жиргээ энэ сэдэвт зориулагдсан байна.

2017 онд Хаадын тоглоомын өмнөх бүлгийн сүүлчийн ангийг НВО телевизээр нийт 16.5 сая хүн тухайн өдөр нь үзсэн гэж Nielsen судалгааны албаны явуулсан судалгаа харуулжээ.

Өнгөрсөн бүтэн сайн өдөр НВО телевиз алдарт цувралын сүүлчийн бүлгийн эхний ангийг гаргасан ба сүүлчийн бүлэг нь зургаан ангитай.

Цуврал киног Жорж Мартины “Мөс ба дөлийн дуулал” романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд эхний бүлгийн нээлт 2011 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж байв. Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй энэхүү цувралын сүүлчийн бүлгийг бүтээхэд НВО телевиз 90 гаруй сая ам.доллар зарцуулсан байна. Variety сэтгүүлд бичсэнээр, 2017 онд гол дүрүүдэд тоглосон Питер Динклейж, Николай Костер-Вальдау, Лина Хиди, Эмилиа Кларк, Кит Харингтон нар нэг анги бүрийн төлөө тус бүр 500 мянган ам.доллар авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top