“Хаадын тоглоом”-ын зохиолч “OpenAI” компанийг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

АНУ-ын зохиолч Жорж Мартин, Жон Гришэм нар ChatGPT чатботыг эзэмшигч “OpenAI” компанийг шүүхэд өгчээ. Тэд хиймэл оюун ухааныг боловсруулах, турших явцад зохиогчийн эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна.

Гомдолд ChatGPT чатботыг боловсруулахдаа интернэт дэх асар их хэмжээний материал, тэр дундаа тэдний зохиогчийн эрхээр хамгаалагдсан номуудын текстийг хулгайлан, ашигласан гэж үзэж байна. Гомдолд Жонатан Франзен, Жоди Пиколт, Жорж Сондерс зэрэг зохиолчдыг мөн дурджээ. Харин “OpenAI” компани зохиогчдын эрхийг хүндэлдэг бөгөөд хиймэл оюун ухааны технологи нь зохиолчдод ч мөн хэрэгтэй гэж мэдэгджээ. Шүүхэд зохиолчдын эрх ашгийг АНУ-ын зохиолчдын холбоо хамгаалан оролцохоор болсон байна.

Харин шинжээчид зохиолчдод ялалт байгуулах боломж бага гэж үзэж байна. Лондон хотын Сити их сургуулийн эрх зүйн багш Патрик Гулд зохиолчид ялалт байгуулахын тулд ChatGPT чатбот тэдний бүтээлээс хуулбарласан гэдгийг нотлох шаардлагатай. Харин ингэх нь маш хүнд. Үүний оронд зохиолчид Конгресст хандан, хиймэл оюун ухаан уран бүтээлчдийн мэргэжлийг үгүй хийж буй тухай асуудлыг хөндөх учиртай гэж Гулд үзэж байна.

Зохиолчид гомдолдоо зөвхөн зохиогчийн эрхийг хөндөөд зогсохгүй хиймэл оюун ухаан нь хүмүүсийн бүтээсэн контентын орон зайг эзэлж буйг дурджээ. Энэ асуудал нь зөвхөн зохиолчдод хамаатай бус. Энэ оны нэгдүгээр сард цахим орчинд ажилладаг уран зураачид шүүхэд хандаж байсан. Текстийг зураг болгон хувиргадаг “Stability AI” болон “Midjourney” программыг боловсруулагчдыг зохиогчийн эрхээр хамгаалагдсан урлагийн бүтээлүүд дээр үндэслэсэн хэмээн буруутгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top