Сарнайн дайн, Макиавелли, улс төрийн системийн бүтэц энэ бүгд үзэгчдэд цувралын ялагч нь хэн болохыг хэлж өгч байна.
“Хаадын тоглоом” өнгөн дээрээ ер бусын тулаан, зомби, луу болон илэн далангүй хэсгээр хачирласан уран зөгнөл юм. Гэвч анхааралтай үзвэл энэ цувралаас улс төрийн гүн гүнзгий гүн ухаан, бодит түүхэн үйл явдал, олон улсын харилцааны механизмын нарийн дүн шинжилгээ зэргийг харж болно. Тэгвэл ямар үзэл баримтлал болон сэтгэлгээний сургууль Вестеросын ертөнцийг бүрдүүлж, эдгээр нь алдарт цувралын хэрхэн төгсөхийг битүүхэн зөгнөнө.
ӨМНӨХ АНГИУДАД
Хаадын тоглоом буюу эрх мэдлийн төлөөх тулаан, хуйвалдаан, эвсэл, нэг үгээр хэлбэл, Долоон хаант улсын дайн Роберт Баратеон хаан нас барсны дараа эхэлнэ. Төмөр хаан ширээ Ланнистерийн угсааныхны гарт очиж, шинэ удирдагчид Уинтерфеллийн захирагч, Умардыг хамгаалагч Нед Старкийн ойрын зөвлөхийг цаазалдаг. Үүний хариуд умардынхан Долоон хаант улсаас гарч буйгаа зарлан, түүний ууган хүү Роб Старк Умардын хаанаар өргөмжлөгдөнө. Төмөр хаан ширээний төлөөх тэмцэлд нөгөө ертөнцөд очсон Баратеон хааны ах дүүс мөн орно.
Хөрш зэргэлдээ Эссосе тив дээр хаан ширээнээсээ унасан Ухаангүй хаан Эйрис II-ын өв залгамжлагч нар Таргариена-Дейнерис болон Визерис гарч ирнэ. Тэд нүүдэлчидтэй ураг барилдаж /Дейнерис Кхал Дрогогийн гэргий болно/, тэднээс цэрэг болон супер зэвсэг болох лууны гурван өндөг авна. Тэр хооронд умард хязгаарт, Ханын цаана цагаан үхдлүүдийн арми хүчээ авч, Долоон хаант улсын газар нутагт мөнхийн өвлийг авчрах зорилгоор өмнөд зүгт хөдөлнө. Нед Старкийн бутач хүү гэгддэг /Рейгар Таргариен, Лианна Старкийн хүү/, Төмөр хаан ширээний бас нэг залгамжлагч Жон Сноу Шөнийн харуулуудын хамтаар Ханыг хамгаалахаар хөдөлнө.
ХААДЫН ДАЙН, САРНАЙН ТОГЛООМ
Хэрэв та “Хаадын тоглоомын” ихэнх үйл явдал өрнөдөг Вестерос тивийн газрын зургийг анхааралтай ажвал буруу харуулсан Ирланд улсын дээр Их Британи улсыг мөн буруу харуулан байрлуулсан байхыг олж харах болно. Энэ санамсаргүй тохиолдол биш. Уран зөгнөлт ертөнцөө бүтээж байхдаа Жорж Мартин газар зүй болон Британийн арлуудын түүхийг амтархан судалсан. Хаадын тоглоомын зохиогчийн хэлснээр Долоон хаант улсын дайн 1455-1485 онд Англид өрнөсөн Улаан, Цагаан сарнайн дайнтай илүү төстэй. Энэ бол XII зуунаас Английг удирдаж байсан Плантагенет удмаас салаалсан Ланкастер болон Йоркуудын хоорондын мөргөлдөөн байсан.
Цувралд гардаг шиг Эдуард III хаан нас барснаар энэхүү дайсагнал үүсдэг. Угсаа залгамжлагч Эдуард Хар хун тайж хаан ширээнд сууж амжилгүй цусан суулга өвчний улмаас нас бардаг тул хаан ширээг Эдуард III хааны 10 настай ач хүү Эдуард II залгамжилдаг. “Хаадын тоглоомыг” шимтэн үздэг хэн ч түүнийг Долоон хаант улсын сул боловч хэрцгий захирагч Жоффри Баратеон болохыг танина. Харин Эдуард III хааны бусад хүү нарын удам болох Ланкастерууд болон Йоркууд Ланнистерүүд болон Старкуудын нэгэн адил хаан ширээний төлөө хоорондоо тэмцэлдэж эхэлдэг.
Сарнайн дайны үйл явдал бидэнд “Хаадын тоглоомын” үйл явдал хэрхэн өрнөх логик дарааллыг хэлж өгнө. Генрих VI /Ухаангүй хаан/ хаан нас барсны дараа Эдуард IV /Роберт Баратеон/ эрх мэдлийг гартаа авдаг. Түүний дараа хаан ширээг залуу, гэнэн хүү нь буюу Эдуард V залгамжилж авдаг. Гэхдээ богино хугацаанд. Түүний дарагаар эрх мэдэл Шекспирийн ачаар Британийн түүхэн дэх хамгийн муу баатар болсон Ричард III-т очдог. Түүнийг Шөнийн хаан, үхдлүүдийн армийн удирдагчтай адилтгаж болох хэдий ч энэ дүрд Серсея Ланнистер ч тохирно. Эцсийн эцэст Францаас Хенрих VII ирдэг ба бидний тохиолдолд энэ бол эсвэл Дейнерис Таргарие, эсвэл Жон Сноу /хоёулаа цөлөгдөж, хоёулаа Төмөр хаан ширээний төлөө тэмцдэг/ байж болох талтай. Цувралд цааш нь яаж өрнөх нь тодорхойгүй ч бодит түүхэнд Хенрих VII Эдуард IV хааны охин Элизабет Йорктой гэрлэж, Ричард III-г хаан ширээнээс түлхэн унагаж, Тюдор угсааг үүсгэдэг.
“Хаадын тоглоом”, Сарнайн дайныг холбож буй бас нэг зүйл бол итгэмээргүй хэрцгийлэл. 1461 оны Таутоны тулаан Английн газар нутагт болж байсан хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн их цус асгаруулсан тулаан юм. Зарим эх сурвалжаас үзвэл, энэ тулаанд хоёр талаас 50 мянга орчим цэрэг оролцсоноос 28 мянга нь амь үрэгдсэн. Түүхчийн дүрсэлсэн Таутоны тулааныг цувралд дахин амьдруулсан мэт. “Тулааны талбараас олдсон цэрэг эрс нүд халтирам шархтай байв. Яс нь гарсан нүүр, хоёр хуваагдсан тархи, цоорсон дух. Зарим эрчүүд толгойдоо 20 гаруй шархтай байсан нь цэргүүдийн цусанд улангассаны шинж тэмдэг”. Хаадын тоглоом түүхэн үйл явдлыг зөвхөн уран зөгнөлийн хэлбэрээр дахин дамжуулсангүй. Мартины хувьд эрх мэдлийн үзэгдлийг бүхэлд нь шинжлэх нь сонин байв. Ямар удирдагчийн хууль ёсных гэх, цэргийн хүч, дипломат хүчний аль нь чухал болох, хаанаас бүгд айх нь дээр үү эсвэл хайрлах нь дээр үү? Вестеросын феодалын нийгэмд хүч ноёрхдог бөгөөд аливаа улс, захирагчийн хувьд эрх мэдлээ нэмэгдүүлэх нь аюулгүй байдлыг хангах цорын ганц арга зам. Макиавелли энэ тухай “Хайр айдастай оршиж үл чадах тул сонголт хийхэд хүрвэл айдсыг сонгох нь найдвартай” гэдэг. Яг ийм сонголтыг Хаадын тоглоомын баатрууд хийхээс өөр аргагүйд хүрдэг.
Реалист үзэл Вестеросын захирагчдын гүн ухаанд давамгайлдаг учир тэдний гадаад бодлогод реалист улс төр ажиглагддаг. Ёс суртахуун болон олон улсын эрх зүй тийм ч ач холбогдолтой бус эсвэл илүү хүчтэй тоглогчдод ашигтайгаар үйлчилдэг. Олон улсын харилцаа нь анарх шинж чанартай ба үүнийг Серсеа Ланнистер “хаадын тоглоомд эсвэл ялна, эсвэл үхнэ” гэж тодорхойлдог.
Английн сэтгэгч Томас Хоббс энэ хатуу бодит байдлыг “Хүн байгалиасаа хувиа хичээсэн, эрх мэдэлд тэмүүлсэн амьтан. Хэрэв улс дотроо “иргэний дайны байдалд” хүрч болдог бол олон улсын харилцаа “бүхний эсрэг бүхний” дайны байдалд оршсоор байна ” гэж тайлбарлаж байжээ. Хоббсын энэ үзэл санааны бодит илэрхийлэл нь Мартины ертөнцөд бүх амьдралаа дайнд зориулсны ачаар Долоон хаант улсын хамгийн баян, хамгийн нөлөө бүхий болсон Тайвин Ланнистер. Дипломат бодлого Хаадын тоглоомд багагүй чухал байр суурь эзэлдэг. Энэ нь нууц хэлэлцээ, хуйвалдаан, дээдсийн гэрлэлт хэлбэрээр илэрдэг.
Хаадын тоглоомын шилдэг дипломат, стратегичид нь реалистууд бус, харин олон улсын бодлого хүчний бус, харин үзэл санаа, хэм хэмжээ, үнэт зүйлсийн нөлөөллөөр бүрддэг гэж үздэг конструктивистууд юм. Эдгээр нь Варис захирагч, Тирион Ланнистер юм.
ӨВӨЛ ОЙРТЖЭЭ
Тэгээд Хаадын тоглоомын төгсгөлд хэн Төмөр хаан ширээнд суух вэ?
Уран зөгнөлийн эцэг Жон Толкины “Бөгжний эзэнд” ийм асуудал тулгардаггүй. Арагорн хамгийн шударга, хамгийн зоригтой, хамгийн сайхан сэтгэлтэй учир Гондорын хаан болдог. Гэтэл Мартины ертөнцөд энэ шинж чанарыг агуулах тусам бүтэлгүй удирдагч болж хувирдаг. Жишээ нь, Нед Старк ордны хуйвалдааны анхны золиос болдог бол Дейнерисийн хүнлэг санаанууд замд нь таарсан бүхнийг шатааж, хөнөөснөөр дуусдаг. Сонгодог баатрын дүр болох Жон Сноугаас Шөнийн харуулын өөрийнх нь албатууд урваж, устгадаг /гэхдээ удаан хугацаанд бус/.
Хаан ширээнд одоогийн байдлаар бүх өрсөлдөгчдөөсөө салж, Браавосын Төмөр банкны санхүүгийн дэмжлэг авч, Эурон Грежойтой гэрлэж, цэргийн хүчээ бэхжүүлж чадсан, хамгийн муу дүрийн баатар болох Серсеа Ланнистер сууж байгаа. Тэр цувралын ялагчаар тодрох уу? Үгүй л болов уу.
Вестерос руу Шөнийн хаан цагаан үхдлүүдийн арми, өвөл ойртож буйг та санаж байгаа байх /Хаадын тоглоом уур амьсгалын өөрчлөлтийг мөн дүрсэлсэн гэж зарим нь үздэг/. Хаадын тоглоомд улирлууд бодит ертөнцийнхөөс өөр. Зун нь хэдэн жил үргэлжилдэг. Цувралын үйл явдал өрнөж буй зуны улирал арван жил үргэлжилсэн бөгөөд мөн ийм урт өвөл эхэлдэг. Вестеросын түүх бүхэл бүтэн нэг үе үргэлжилсэн мөстлөгийн үе буюу Урт шөнийг өгүүлдэг.
Тиймээс, хүн төрөлхтнийг устгах аюул нүүрлээд буй үед Долоон хаант улсыг бэхжүүлж чадсан нь ялалтад илүү ойртоно. Сонголт Жон Сноугийн талд зогсох магадлал өндөр. Түүний судсаар Таргариенуудын цус гүйж, ард түмний дунд нэр хүндтэй, Дейнеристэй ураг барилдсаны ачаар цагаан үхдлүүдийн эсрэг эвслийг тэргүүлж байгаа. Умардын захирагч болохын тулд Шөнийн харуулыг орхих түүний шийдвэр түүнийг үндэсний эрх ашиг нь /цагаан үхдлүүдийн эсрэг дайнд амьд үлдэх/ ёс суртахууны үүргээс /Шөнийн харуулын алба/ чухалчилдаг реалист үзэлтэй гэдгийг илтгэж байна. Сноу нэгэн зэрэг хамтын санал санаачилга чухал гэдгийг ойлгож, Вестеросын дайсагнасан талууд нэгдэж байж тив нутгаа гарцаагүй үхлээс хамгаалж чадна гэж итгэж байгаа.
Тэгвэл энэ бүхэн Сарнайн дайнтай хэрхэн уялдах вэ? Хенрих VII, Елизабет Йорк нарын адил Жон Сноу, Дейнерис Таргариен нар Шөнийн хааныг /Ричард III/ ялж, Вестеросын шинэ захирагчид болно. Үзэгчдийн хайртай баатар наймдугаар бүлэгт үхсэн тохиолдолд ч эцэст нь мөс /Жон Сноу/, дөлийн /Дейнерис/ нэгдлийн бэлгэ тэмдэг болсон тэдний хүүхэд захирагч болно. “Мөс ба дөлийн дуулалд” үүнээс илүү уран, яруу төгсгөл үгүй.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 2 )
Одоо ч дэлхийн улс төрд энэ тоглоомын дүрэм үйлчилсээр байна. Хамтын санаачлага чухал гэдгийг бүгд ойлгосон бол Энэ их зэвсгийн хөрөнгө оруулалтыг хүний хөгжил, байгаль орчноо хамгаалахад зорилусан бол дэлхий диваажин болохгүй юу
15-17 r zuunii Mongoliin tyyh bas l yag iimerhyy. Kino xiivel byr alna daa. Daana ch manaixan tyyxee meddeggyi.