Хоёр настай хүүхэд мөргөж, амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1082 дуудлага хүлээн авсны 787 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл байжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон бол орон нутагт зам тээврийн ноцтой таван осол гарчээ. Ослын улмаас долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтсэн хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ослын улмаас амь нас хохирч, гэмтсэн хүний 12 нь бага насны хүүхэд байжээ. Хүүхэд өртсөн ослыг судлахад дийлэнх нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр, нэг нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал, өчигдөр буюу тавдугаар сарын 2-ны өдрийн 18:25 минутын орчим Налайх дүүрэг 3-р хороо Нарангийн 24-р гудамжны задгай хашаанд H.Accent маркын автомашины жолооч Б нь тус задгай хашаанд оршин суудаг 2 настай М-г мөргөж, амь насыг хохироон, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Багахангайн хяналтын хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч илрүүлэн, саатуулж шалгаж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Монгол зоог” гэх газрын урд замд Kia Granbird маркын автобусны жолооч явган зорчигч, 45 настай Н-г мөргөж, амь насыг нь хохироосон зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Машины ард болон доогуур хүүхэд байгаа үед жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзэн, ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй.

Жолооч ухрах хөдөлгөөнийг маш хянуур болгоомжтой хийж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүүхдийг байнга анхаарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top