Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг сурталчилж, иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, тусламж үзүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ, "Монголын өмгөөлөгчдийн холбоо" хамтран ажиллах санамж бичиг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд, нийслэлийн есөн дүүргийн 152 хороонд "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ноос гишүүн өмгөөлөгчдөө ажиллуулж, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээг /2019.05.08/ эхлүүллээ.
Нийслэлийн иргэдэд хороодоор дамжуулан хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээний нээлтэд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва, Нарийн бичгийн дарга Б.Батбямба, "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар, дүргүүдийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, хороодын Засаг дарга нар, оролцсон юм. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва тус арга хэмжээний талаар "Эл арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэд өдөр тутам оролцож буй эрх зүйн харилцааныхаа талаар тодорхой мэдээ, мэдээлэлтэй болж, эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлан өрөөлийн эрхийг дээдэлдэг болохын зэрэгцээ бусадтай гэрээ, хэлцэл хийхэд дөхөм болно гэж үзэж байна" гэсэн юм.
Хууль, тогтоомжийг иргэдэд сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагааг хангах, нэгдсэн бодлого, удирдамж, нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгийнхээ хүрээнд нийслэлийн ИТХ-аас НГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааний төлөвлөгөө гаргаж батлууж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж санхүүжүүлдэг талаар НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хэлсэн юм. Тэрбээр "Тус арга хэмжээний талаар. Өнгөрсөн хугацаанд "Монголын эмэгтэйчүүдийн холбоо", "Сурагчдын холбоо" зэрэг олон байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бол өдгөө "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-той хамтарч эхэллээ. Өмгөөлөгчид тодорхой хуваарийн дагуу хороодод ажиллаж, иргэдэд хуулийн талаарх мэдээлэл өгч, туслалцаа үзүүлж эхэллээ. Мөн оюутан, сурагч зэрэг тодорхой бүлгүүдэд сургалт явуулах юм. Тус арга хэмжээг энэ оныг дуустал үргэлжлүүлэх бөгөөд үр дүнг нь тодорхойлж, цаашид үргэлжлүүлэх, эсэхээ шийднэ" гэв.
"Монголын өмгөөлөгчдийн холбоо" нь 1500 орчим гишүүн өмгөөлөгчтэй бөгөөд нэг хороонд цөөндөө хоёр өмгөөлөгч ажиллуулахаар төлөвлөжээ. Тус холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар энэ талаар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь дан ганц төрийн байгууллагын үүрэг биш. Иргэдийн хүчин чармайлтын үр дүнд гэмт хэрэг, зөрчил буурна. Тиймээс иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа өгөхөөр болсон юм. Эл арга хэмжээ онцлог ихтэй. Тухайлбал, зөвлөгөө, тусламжийг алслагдсан хорооны иргэдэд хүргэж байна. Мөн гэрээний загвар бүхий гарын авлагыг хороо бүрт байршуулна. Өмгөөлөгчид сард 1-2 өдөр хороодод ажиллах бөгөөд нэг удаадаа хоёроос дээш тооны өмгөөлөгч ажиллуулахаар төлөвлөсөн" гэсэн юм.
"Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ныхон хороодод ажилласан тайлангаа сар бүр НГХУСАЗЗ-д тогтмол хүргүүлэх юм. Иргэд өмгөөлөгчдийн ажиллах цагийн хуваарийг хорооныхоо ажилтнаас авч болох бөгөөд өөрийн биеэр очиж зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй хүн хорооны ажилтнаар дамжуулан туслалцаа авч болно.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )