Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулагчдад давуу эрх олгосон гэж үзэх үндэслэлтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.05.20/ хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо.

Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан бөгөөд тэрбээр “Өнгөрөгч оны зургадугаар сарын 25-нд ажлын хэсгийн эхний шалгалтын дүн гарсан. Уг шалгалтыг зунжингаа нягтлаад наймдугаар сард ажлынхаа хэсгийн гишүүдэд дүгнэлтийг тараасан. Ингээд 2018.11.19-нд ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараад 2018.11.30-нд Эдийн засгийн байнгын хорооны даргад хэлэлцүүлгийн дараалалд оруулах хүсэлтээ өгсөн. Гэвч өнгөрсөн өвөл байнгын хороо хуралдах манатай болж, улс төр үймснээр хойшилсон. УИХ-ын даргад захирамжийн дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж өгсөн. Мөн ҮАБЗ-ийн гишүүн болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгчдөд хүргүүлсэн. Ингээд ҮАБЗ-өөс чиглэл өгөөч гэдэг саналаа хоёрдугаар сард хүргүүлсэн. Түүнээс хойш энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаад харамсаж байна. Ажлын хэсэг 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд дүгнэлтээ гаргачихсан байсан. Үүнээс хойш зургаан сар болж байна. Өнөөдөр /2019.05.20/ бүлгээр хэлэлцэж байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн чиглэл гарч байгаад баяртай байна. Оюутолгой төсөл нь амаргүй байдаг учраас ажлын хэсгийн гишүүдэд хандан олон нийтийн хүлээлтэд нийцсэн шийдвэрийг хамтдаа гаргахыг хүссэн ил захиал хүртэл хүргүүлсэн. Оюутолгойн материал Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тарсан. Товчилсон байдлаар 40 гаруй хуудас материал Оюутолгойд хүрсэн байна. Иж бүрэн материал нь 300 гаруй хуудас. Энэ материал нууцын зэрэглэлтэй биш учраас би хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгнө” гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва мөн “Аливаа гэрээ харилцан ашигтай байх ёстой. Гэхдээ харилцан ашигтай байх зарчим алдагдсан. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө зэрэг гэрээнүүдийг эргэн харах учиртай. Эдгээр гэрээг боловсруулахад оролцсон хүмүүс Засгийн газрын чиглэлийг бүрэн баримтлаагүй, тухайн үеийн зарим хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад давуу эрх олгосон гэж үзэх үндэслэлтэй” гэсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top