Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээгээр 2039 онд Монгол Улс нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар сонсож байна.

УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Оюутолгой төслийг дагаж дэлхийн томоохон компани Монголд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Ингэснээр татвараар дамжиж тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн. Оюутолгойн гэрээний хэрэгжилтээр олон эерэг үр дүн гарсан боловч аливаа бизнес харилцан ашигтай байх зарчим баримтлах учиртай. Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад өмчийн эзэн Монгол Улсад ашиг багатай байгаа нь анхаарал татдаг. Хөрөнгө оруулагчдын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна гэж хардах үндэслэлтэй юм.

Ингэснээр 2039 онд Монгол Улс нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай байна. Цаашдаа Монголын талын эзэмшилтийн хувийг 50 хувиас доошгүй болгоно гэсэн тохиролцоо хэрэгжих боломжгүй болгож байна. Төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь буруу болсон. ТЭЗҮ төслийн хувьд маш чухал баримт бичиг. Хөрөнгө оруулагчийн талын татварын тогтвортой орчинг бий болгоход чиглэсэн нь дэлхийд байхгүй жишиг болж, манай талд ирэх татварын ашгийг багасгаж байна. Төр энгийн хувьцааны 14 хувийг өмчлөх гэж оруулсан боловч Дубайн төлөвлөгөөнд эзэмших гэдэг үгээр сольсон нь эрхзүйн хувьд ойлгомжгүй болгож байна. Мөн хөрөнгө оруулагчдад хэтэрхий их эрх мэдэл олгосон байна. Монголын талын 34 хувийн хувьцаа нь энгийн хувьцаа эзэмшигч болсноор хувьцааны ногдол ашиг хүртээх асуудал тодорхойгүй болсон.

ТЭЗҮ-ийг заавал шаардлагатай баримт бичиг биш гэж Дубайн гэрээгээр өөрчилсөн нь Монголын талд орох ашиг багасч байна. Энэ байдлаараа Монгол Улс нэг тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй хоцорч болзошгүй байна. Зээлийн барьцаанд Оюутолгойг барьцаалахыг зөвшөөрсөн байна. Барьцаалсан зээлд манай тал давхар хүү төлөх нөхцөл байдал үүсч байна. Оюутолгой зээл бусад шимтгэл гэх зардлуудыг нэмэлтээр бий болгож байна. Зардлаа өсгөж байна. Монголын талын 34 хувиас бусад лиценз зэрэг асуудлыг бүхэлд нь барьцаанд тавьсан байна.

Үйлдвэрийн хэрэгцээний усны хэрэгцээнд газрын гүний усыг ашиглаж болох, үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар тогтоосон усыг үйлдвэрлэлд ашиглаж болно гэж заажээ. Цаашид гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын банкаар дамжуулж гадаад валютын гүйлгээгээ хийх шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын эзэмших ашиглалтын тусгай зөвшөөрлийг удаан хугацаагаар олгосноор 2010-2055 онд Монголын тал 31 хувь, хөрөнгө оруулагч тал 69 хувийн өгөөж хүртэх төсөөлөлтэй байна.

Иймд ажлын хэсгийн зүгээс Оюутолгой төслийн  хөрөнгө оруулалтын гэрээ нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийх, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрсөн гэсэн дүгнэлтийг гаргасан” гэлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоч(202.70.34.38) 2019 оны 05 сарын 29

юу хуцаад байна аа

0  |  0
Top