Хувилгаан зохист агаар

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Юй Си хоёр. Нэг нь гадаад их далайг наран ургах зүгт тольдсон аглаг бүтээлийн төвхөндөө нам гүмхэн бясалгагч. Нөгөө нь нүд алдам хээр тал нутгийнхаа энг сансар огторгуйн хязгааргүйд дүйцүүлэн яруу зохист утгыг найрсуулагч. Хоёул оршихуй жамын дотоод хүрдийг түүнчлэн эргүүлж, мөн чанарт нэвтрэхүйг туурвигсад. Нэгэнтээ энэ хоёр найрагч цахим шуудангаар харилцан бичилцэж, Юй Си найрагч эхний шадыг бичээд, цааш нь хоёул тус бүр нэжгээд шад нэмж өрсөөр “Хувилгаан морьдын тоос” нэрт нэгэн шүлэг бүтээсэн түүх бий. Чингээд би вээр арал, хээр тал хоёрыг оюун сэтгэлийн дотоод эрчимээр холбогч хоёр найрагчийн нэг, нэг шүлгийг өөрийн дийлэх хэмжээнд ухварлан танихыг хичээснээ сийрүүлсүгэй хэмээв!

Г.МЭНД-ООЁО: НҮҮДЭЛЛЭХ ТИГ БУЮУ МИЧДИЙН АЯЛГУУ

Тэмээн хөсөгтэй нүүдэлчдийн бүдэгхэн мөрийг

Тэнгэрийн заадас залгаад тодосгон одмуй...

Г.Мэнд-Ооёо найрагчийн “Нүүдэллэх тиг буюу мичдийн аялгуу” шүлэг ингэж эхэлдэг. Эл хос шадыг анирдахуйяа гүн. Бас тод. Мянга, мянган жилийн нүүдэл тээсэн тэмээн жингийн бүдэгхэн мөрийг (нүүдэлчдийн мөр) тэнгэрийн заадас залган авч цааш тодосгон одох тэр зааг. Үл үзэгдэх атлаа одоо үзвээс тийн үзэгдэж буй тийм зааг. Тэр заагийг яруу найрагч бээр таньж нэрлээд, түүнээс цааш хэрхэхийг бидэнд үлдээж буй мэт сэрэмж төрнө.

“Нүүдэллэх тиг буюу мичдийн аялгуу” нь өгүүлсэн шүлэг юм. Эл шүлгээс эдүгээ бидэнд мартагдах шахсан атлаа унших төдийд дотоод мэдрэхүйд сэрхийн асах эгэл хийгээд ханьцашгүй, мэдээжийн атлаа гүн ухварт нарийн зураглалууд тодрох бүлгээ. Тэр нь: ...хээр талын хойморт тал саран хэлбэрээр хүрээ татан байрлаж буусан нүүдэлчдийн буудал, очир эрдэнэсийн хүү сангийн өргөө лугаа хөмрөглөх одот тэнгэр, хаа нэгтээ сүрэг галуу ганганах дуу, улаан шаргал дөл нь эрт галавыг санагалзах язгуур чинад руу учирлан мэтгэх түүдэг гал, задгай гал дээр даргилан буцлах хээрийн цай, дэвшүүлсэн идээгээ нар зөв тойруулж айл хотлоор цайлах агшин... агаад тийн цайлж суухдаа ч нүүдэлч орчлон буйгаараа, одот тэнгэр тэр аяараа маргааш руу нүүсээр л авай.

Чимээ аниргүй орчлон таг дуугүй жимийжээ

 Чинхүү шалтгаан нь хүмүүний алмайд буй...

Нээрээ ингэхэд юусан билээ? Чухам учир энд байнам бус уу? Хүмүүний алмайд орчлон жимийчихэж. Тэр таг дуугүй байна. Тэгвэл түүнийг хэрхэн, яаж нээх билээ? Эл асуулттай зэрэгцэн өвгөн нүүдэлчин морин хуураа авах аж. Тэгээд хуурынхаа суман арлыг зүүн мөрөн дээгүүрээ Хүн таван одны чигт түшүүлж, тавиун царыг нь өвөр дээрээ залаад, хөвчит нумыг нь баруун мутраар хөдөө тийш эвшээлгэн татахад огт ор үгүйн чинадад түг түмэн аялгуу шувууд мэт нисэлдмүй. Амгалант тэр аялгуу огторгуйд дүүлэн цойлж буй шигээ басхүү тэндээс огшин буцаж эргэхдээ газар дэлхийнхээ сэвэгнэх өвс, имхрэх шороо бүхэнтэй нэгдэхээр яармуй...

Нүд анихуй дотор сэтгэлийн чинадах байгаль буй

Нүүдэллэхүйн аяншил дотор ирээдүйн диваажин буй...

Нүүдэллэхүйн аяншил! Эл үгсийг нүдээ анин бодоход он жилүүд амтагдана. Нүүдлийн хөлөөр боссон их тоос, цагийн нугачаа, хур хөлс амтагдана. Дуу хуур амтагдана. Нулимс амтагдана. Зовлон шаналал хийгээд баяр хөөр амтагдана. Харин түүн дотор буй тэр ДИВААЖИН нь огторгуйд дүүлэн цойлж, хүмүүний зүрхний аглаг руу замхран одох атлаа түмэн бодисын ой санамж бүхэнд хадгалагдаж үлдэхээр эргэн ирж буй өвгөн хуурчийн татлага юм. Яруу найрагч үүнийг тодосгохдоо: ХУУРЫН АЯЛГУУ ҮЛ ТӨГСӨН ҮРГЭЛЖЛЭХҮЙН ҮЗҮҮР ТУС ШАМБАЛЫН ХОТ МАНДЛЫН ХААЛГА ОНГОЙЖ БУЙ... хэмээжээ. Учир юун гэвээс: Хээр талын анир гүм дотор л хамаг аялгуу хадгалагдан оршиж, басхүү үл үзэгдэгч зүг тийш үл сонсогдох аялгуун жимээр одох аж. Тийм л нарийн зохиролт оршихуйг, орчихуйг яруу найрагч цааш томъёолохдоо: ХАЖУУДАХ ХАД ЧУЛУУ ЧАМАЙГ ҮЛ СОНСОН, ЧИНИЙ ДУУГ ЦУУРАЙ БОЛГОН БУЦААГ, ХАМААГҮЙ. ХАА НЭГТЭЭ ЧАМАЙГ ХЭН НЭГЭН СОНСОЖ БАЙГААД ИТГЭЭРЭЙ. СОНСОГДОХДОО ЧИ ЗУУН ҮЕИЙН ЧИНАДТАЙ Ч  СОНСОГДМУУ... хэмээсэн байна. Яруу найрагчийн бидэнд хэлэх гэсэн туйлын санаа чухам энэ мөн байх! СОНСОГДОХДОО ЧИ ЗУУН ҮЕИЙН ЧИНАДТАЙ Ч СОНСОГДМУУ!...

...Оройтосхийж мандсан хуучин сартай тэнгэрт одод бүдгэрч... уул толгод цагаан туяан дотор цэцгэн лянхуа зангидан завилж... холын холд хүлэг морин янцгааж.... одод түүнийг анирлаж... хаа эртийн тигтэй нүүдэлчдийн шөнийн хүрээ рүү Хөхдэй мэргэн од дорно зүгээс үй түмэн гариг эрхэсээ туусаар айсаж...

Тийнхүү удахгүй үүр цайх бүлгээ. Үүр цайхад ачаа тэнгийн өөжинд нойрсон буй бяцхан хөвгүүн нэгэн цагт өвөөгийнхөө халааг авч нүүдэл хөтлөх нь үнэн шиг ой санамжинд хадагдан үлдсэн хуурын аялгууг ч тэр бас дахин сэргээж, хойчийн үр удамдаа хүргэх л болно. Аль ч цагт нүүдэллэсээр ирсэн, ирээдүйд ч нүүдэллэсээр байх цаг мөнхийн орчил доторх буй жамын хураангуйг тийн бясалгаж таньсан найрагч бээр:

Үй түмэн үйл явдлын халуун шастир

Үлгэр домгийн хөсгөнд суугаад

ирээдүй рүү нүүчихжээ...

 

хэмээн  дуу алдсан нь андуу бодсон хүнд харуусал, халаглал мэт санагдах авч мөн чанартаа бол нүүдэлчдийн тиг, нүүдлийн тиг аль хэдийнэ оддын чинадад хүрсэн, одоо чухам тэнд л биднийг хүлээж буй хэмээх найдалт аялгуунд бүхнийг зохируулан шигтгэж, түүндээ тайтгарсан нэгэн их амгаланг илтгэх амой. Найрагчийн тэр их амгалан нь: ТЭМЭЭН ХӨСӨГТЭЙ НҮҮДЭЛЧДИЙН БҮДЭГХЭН МӨРИЙГ ТЭНГЭРИЙН ЗААДАС ЗАЛГААД ТОДОСГОН ОДМУЙ... хэмээсэн эхлэлтэйгээ эргэн залгагдаж буй нь төгсгөл бус, бүх юм дахин эхлэх мэт сэрэмж төрүүлэх агаад чухам тэнд л НЭГ ЮМ бий гэдгийг та бидэнд дахин, дахин шивнэсээр байнам бус уу?!!!.

ЮЙ СИ: СЭТГЭЛЭЭ ХАРИУЛАХУЙ

 Юй Си найрагчийг: ...Буддын шашны дияаны аргаар оюун билгээ хөгжүүлж, эртний Хятадын Сүн улсын дуулал шүлгийн чөлөөтэй, задгай хэв маягийг орчин үеийн нөхцөлд чадамгай ашигладаг... хэмээсэн нь бий. Дияаны аймгийн иргэний боловсролтой түүний “Сэтгэлээ хариулахуй” шүлэг нь 10 бүлэгтэй. Эхний 4 бүлэг нь “Үхрээ эрсэн нь”, “Мөрийг үзэхүй”, “Үхрийн барааг харахуйд”, “Үхрээ олсон нь” зэрэг бөгөөд эдгээр бүлгүүдэд үхэрчин хөвгүүн тоорын улаан цэцэгс дунд жирхрээн дуу сонсож, үүлэн цагаан дэглий мандалд нь буусан нуур, усны энгээр дурайх яралжууд, нойтон шавар дээр үлдсэн үхрийн мөр, сунгах гарын дээр мэлтийх гэгээн саранг ажингаа үхрээ эрж явсаар уулын тэртээд асах гал, шивээн дээгүүр цухуйх үхрийнхээ эврийг олж харж буйгаар үргэлжлэх аж.

Үхрээ олж харсан хөвгүүн:

Алаг нүдээр хаврын салхийг харж болохгүй ч

Алтан гургалдайн уран донгодоон чихнээ сонсголонтой...

мэдрээд уянгат лимбээр сэтгэлийн хөгийг эгшиглүүлэхийн сацуу үхэр юүгээн олж хараад хүүхэд насаа эргэн дурсаж буй нь бас нэгэн учир агуулах мэт. Юун гэвээс 5-р бүлэг буюу “Одос минь” бүлгийн “Сэтгэлд чи байдаг болохоор нүдээ анихаар дүр чинь ургана, Сэлмэн эвэр нь ч гарт ээлтэй болохоор нүдэж ташуурдалгүй хөтлөөд явчихна...” хэмээн эхэлж буй хэсгээс яруу найрагчийн дотоод эргэцүүлэл эхэлж байна. Нүдээ анихаар сэтгэлд тодрох тэр дүр бол БУРХАН. Үхэрчин хөвгүүний хувьд тэжээхүй увидаст үхэр нь тийн БУРХАН-ы дүрд хувилах лугаа. Тийнхүү “Одсоо унаад гэрийг зорихуй” хэмээх 6-р бүлэгт “Амгай жолоо ч үгүй одсынхоо нуруунд мордлоо, Ардын дуу гингэнэн гэрийн зүг одлоо...” хэмээжээ. Тийн харих замд нь:

Өндөр уулын булаг нь хүйтэн, салхи нь сэвшээ

Өнчин нугас шар бүрийгээр

тэнгэрийн хаяанаа далдарлаа

Уулын зам тахиралдан, нар бүр гудайжээ

Улбар оройн шар гэрлийг нь

лимбэнийхээ аяар үдлээ

Уянгат зөөлөн эгшиг нь хичнээн гүнийг ойлгосон шиг

Угийн сайн нөхөр минь хамраа тачигнуулан урагшилна... 

 

            “Сэтгэлээ хариулахуй” шүлгийн 7-р бүлэгт улбар туяа хоргодсон тэнгэрийн хаяа руу нар шингэхэд түмэн шувууд үүрээ зорин нисэлдэж, басхүү саран авхай тэнгэрийн шатаар улам өгсөхүйд үхрийнхээ амгалан алхаанд бүүвэйлэгдсээр гэртээ харьж буй үхэрчин хөвгүүний ташуур овоохойнхоо хатавчинд орхисон тэр л янзаараа аж. Тэр нь:           

Суран ташуураар зодож нүдвэл

            Хөөрхий түүнийг гэмтээчих ч бил үү,

            Сурсан юм даа, үхэрчний эрдмийг

            Хөлийн тушаа, ташуургүй ч болчихно...

хэмээх 5-р бүлэгтэй буцаж холбогдох ба харин “Хүмүүн, одос хоёр мартагдахуй” хэмээх 8-р бүлэгтээ сурсан эрдэмдээ бахдагч энэрэнгүй үхэрчин хөвгүүн, одос үхэр хоёр алгуур мартагдаж буй тухай жамын хураангуйг өгүүлжээ.  Тийнхүү:

             Өнгөрсөн жил шавар дээр гарсан галууны мөрийг

Өнөө өглөө дахин үзэхэд яахин олох билээ,

Бие, сэтгэл хоёр үнс шиг замхардаг хорвоод

Би өдгөө галууны мөрийг хайгаад яана вэ...

хэмээн эргэцүүлж буй үхэрчин хөвгүүн бээр жир нэгэн бус болох нь илт мэдрэгдмүй. Тэрбээр “хүмүүн, ташуур, одос бүгд л хоосон чанартай”-г ухаарч, “тэнгэрийн хязгааргүйг сэтгэлдээ яахин багтаах буй” хэмээн эргэцүүлж, “галын дөлөнд цас хайлахыг хараад өвгөдийн санааг сайтар ухлаа” хэмээн өөрийгөө цэгнээд, тэр бүхнээ цааш гүнзгийрүүлсэн “Уг гарвальдаа эргэн ирэхүй” хэмээх 9-р бүлэгтээ:

    Ус ус биш, гэсэн атлаа мөн

            Уул уул мөн, гэсэн атлаа биш...

            Дэрсэн шаахай элэгдтэл уул, усаар яваад

            Дэлхий дахинд хосгүй дияаны ёсыг ухвай... хэмээн тайлжээ.

Ухаж гэмээнэ жир бүхнээс аугаа нь үгүй хэмээх тэр л үнэнийг таньж тайлсан эл шүлэгт “уг гарвальдаа буцахуй нь хүчир холын зам, Ухрах зам үгүй тул дүлий, сохор шиг л бэдэр, Ариун сүмд суухад гадаах зүйлс харагдахгүй, Алаг цэцэг дэлгэрч ус зөнгөөр урссаар л...” хэмээгээд төгсгөлийн 10-р бүлэг буюу “Орчлонгийн тоосонд гараа унжуулмуй” бүлэгтээ: “Сэтгэл хэмээгчийн мөн чанар эзлэгдэх бодолгүй, Сэрж түүнийг сайтар ухваас хувилгаан чанар буюу” хэмээсэн нь чухамдаа бол “...оготор цамцны энгэр яран хот ороод олны тоосонд дарагдавч нүүр дүүрэн инээмсэглэх” шалтгааныг онож нээсэн хэрэг бөгөөд “...харь холын арш хувилгааны далд эрдэм гэлгүй, хатангир модыг дахин амилуулж цэцэглэхийг” тийн үзэх амой.

 

                                                ЯРУУ НАЙРАГ БА ДОРНО

 

            Г.Мэнд-Ооёо найрагч бол язгуур чанарт нүүдэлчин. Аяншиж туулах их талын нүүдэлчин. Басхүү өнөө цагийн оюун санааны нүүдлийн түүчээ хөтлөгч бүлгээ. Түүний хөтөлсөн нүүдлийн түрүүч эдүгээ дэлхийн оюун санааны их нүүдлийн ай савтай нэгэнт золгоод буй. Тиймээс л тэрбээр бясалгахуйн их ай савд Юй Си найрагчтай нэгджээ. Тиймээс л энэ хоёр найрагч “Тэмээн хөсөгтэй нүүдэлчдийн бүдэгхэн мөрийг Тэнгэрийн заадас залгаад тодосгон одох” тэр зааг дээр “...харь холын арш хувилгааны далд эрдэм гэлгүй, хатангир модыг дахин амилуулж цэцэглүүлэх” тэр мөн чанарт барилдсан буй за. Тийнхүү хаа эртийн тигт нүүдлийн замаар хүмүүний оюун санааны их урсгал нүүсээр л. Тэрхүү нүүдлийн зам гадаад их далайн дундах арлыг ч, Төв Азийн цээжинд буй хээр талыг ч үл алгасан, эн тэнцүү дайран өнгөрөх агаад түүний цаана буй язгуур чанар нь ялгуусан ДОРНО юм. Чухамхүү ДОРНО хэмээх эл гүн утгат яруу холбоос Г.Мэнд-Ооёо, Юй Си хэмээх хоёр эрхмийг зангидсан гэдэгт би итгэнэм. Учир юун гэвээс: Ялгуусан ДОРНО-ын тайлагдашгүй нууцуудыг гагцхүү зохист тансаг найргийн шидээр л нээх боломжтой бүлгээ. 

 

НАЦАГДОРЖИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ М.УЯНСҮХ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top