Хүрээлэн буй орчны шинжлэх, ухаан технологийн асуудлаарх олон улсын бага хурал яг одоо Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн хурлаар хүрээлэн буй орчныг хамгаалах, бэлчээрийн даац, цөлжилтийн асуудал, байгаль орчны нөхөн сэргээлт, олон улсын интеграцид нэгдэхийн тулд хүрээлэн буй орчны асуудлыг хэрхэн судлах зэрэг сэдвүүдийг хөндөн хуралдах юм.
“Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзан үзэх шаардлагатай. Иймд энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болон тодорхойлоход чухал юм. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд автсан, нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдаж буй асуудал олон” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Ё.Нямдаваа ярьсан юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан технологи” олон улсын бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, Өмнөд Солонгос, Энэтхэг, Канад, Буриад, ӨМӨЗО болон Монгол Улсын 200 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна. Анхны бага хурал 2017 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд хоёр жил тутамд зохион байгуулахаар тогтсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )