Өнгөрсөн долоо хоног боксын спортын хувьд хар долоо хоног байлаа. Энэ сарын 20-ны өдөр болсон хоёр тулаан хоёр тамирчны амь насыг авч одлоо. АНУ-д болсон тулаанд Пуэрто-Рикогийн Сабриэль Матиастай өрсөлдсөн ОХУ-ын боксчин Максим Дадашев тулааны дараа эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар 23-нд амьсгал хураасан. Тэр 11 үе тулалдахдаа 319 цохилт алдсан байлаа.
Мөн өдөр Аргентинд болсон тулаанд нутгийн тамирчин Уго Сантильян 12 үе дуустал тоглосон ч шүүгчийн шийдвэрийг хүлээж байхдаа ухаан алдан, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн л ухаан орохгүй байсаар 25-нд нас барсан юм.
¿Quién es responsable cuando un boxeador muere?
— AJ+ Español (@ajplusespanol) July 25, 2019
Tras 10 rounds, desorientado, severamente golpeado y confundido, Hugo 'Dinamita' Santillán, boxeador argentino, escuchó la decisión de su pelea.pic.twitter.com/5u1UY9xgRY
Харамсалтай нь энэ хоёр тохиолдол мэргэжлийн боксын ринг дээр гарч байгаа үхлийн анхны тохиолдол биш. Боксчид бууж өгөх хүсэлгүй, эцсээ хүртэл үзэлцдэг эрэлхэг улсууд. Даанч зарим тохиолдолд үүнийхээ төлөөсийг амь насаараа төлөх явдал гарсаар байна.
Роман Симаков (ОХУ, 27 нас)
2011 оны 12 дугаар сарын 5-нд Екатеринбург хотод Симаков Сергей Ковалевтой өрсөлдсөн. Долоодугаар үеийн дундуур тэр ринг дээр ухаан алдан унасан юм. Эмнэлэгт хүргэсэн ч гурав хоногийн дараа Роман Симаков энэ хорвоог орхисон. Сергей Ковалев шагналын мөнгө болох нэг сая ам.доллароо түүний ар гэрт өгсөн байна.
Левандер Жонсон (АНУ, 35 нас)
2005 оны есдүгээр сард IBF холбооны аварга Левандер Жонсон Мексикийн Хесус Чавестай тулалдсан. Хесус түүнийг бүтэн 10 үе нүдэж, 11 дүгээр үед шүүгч тулааныг зогсоожээ. Хувцас солих өрөөнд ухаан алдсан Жонсон тав хоногийн дараа амьсгал хураасан.
Роберт Вангила (Кени, 26 нас)
Кенийн Вангила Сөүлийн олимпын аварга хүн. Гэвч мэргэжлийн бокст амжилт олсонгүй. Эхний таван тулаандаа бүгдэд нь хүнд цохилтоор ялагдсан түүний зургаа дахь өрсөлдөгч нь Америкийн Давид Гонсалес байлаа. Шүүгч Жо Кортес тулааныг 9 дэх үед зогсоосон. Маш олон цохилт алдаж байсан Вангила шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж байсан ч хувцас солих өрөөнд бие нь муудаж, хэдэн өдрийн дараа нас барсан юм.
Ким Дук Ку (БНСУ, 23 нас)
1982 онд болсон WBA холбооны аваргын бүсийн төлөөх Манчини, Ким нарын тулаан 15 үе үргэлжлэх ёстой байлаа. 14 дүгээр үед Манчинигийн шулуун цохилтод оногдсон Ким дагзаараа тун эвгүй унасан. Тэр боссон ч шүүгч тоглолтыг зогсоожээ. Хэдэн минутын дараа Ким ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч дөрөв хоногийн дараа нас барсан. Энэ тулаанаас хойш мэргэжлийн бокст 15 үе тоглохыг хориглосон юм.
Дэйви Мур (АНУ, 29 нас)
1963 онд болсон энэ тулаан WBA, WBC холбооны аваргын бүсийн төлөөх чухал тулаан байлаа. Арав дахь үед Кубын Рамос Мурыг хүнд цохилтод оруулахад тэр ринг мөргөн, олс тэгнэн унасан. Харин шүүгч огт анхаарал хандуулсангүй, тоглолтыг үргэлжлүүлэв. Дахин хоёр удаа унасны дараа дасгалжуулагч нь тулааныг зогсоосон байна. Мур богинохон ярилцлага өгч амжсан ч хувцас солих өрөөнд ороод ухаан алдан, гурав хоногийн дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Эмч нар дагзаараа рингийн олс мөргөсөн нь үхлийн шалтгаан байлаа гэж дүгнэсэн. Алдарт дуучин Боб Дилан “Хэн Дэйви Мурыг алсан бэ” гэсэн дуу зохиож байв.
Бенни “Кид” Парет (Куба, 25 нас)
Шүүгчдийн бас нэгэн алдаа. 12 дугаар үед Парет хүнд цохилтод орон, ринг налан ухаан алдаж байхад шүүгч тулааныг зогсоосонгүй. Тиймээс өрсөлдөгч тамирчин Гриффит нэмээд 29 дараалан толгойд нь цохижээ. Энэ цохилтууд үхлийн шалтгаан болсон. 10 хоногийн дараа Парет амьсгал хурааж, АНУ-ын телевиз арван жилийн хугацаанд бокс дамжуулахаа зогсоосон юм.
Эдвард Сандерс (АНУ, 24 нас)
Дэлхийн аварга Вилли Жеймстэй хийсэн тулаанаас 18 цагийн дараа Сандерс нас барсан. Түүний тархинд тромб буюу цусны бүлэн үүссэн байлаа.
Кристиан Дагио (Итали, 49 нас)
Өнгөрсөн жил болсон явдал. Сүүлийн 12 дугаар үед Тайландын Дон Паруанг хэд хэдэн оновчтой цохилт хийлээ. Дагио унасан ч босож чадсан. Гэвч дараагийн угсраа цохилтуудыг хамгаалж чадсангүй. Шүүгч ринг дээр эмч нарыг дуудсан ч Дагио ухаан орсонгүй. Хэд хоногийн дараа эмнэлэгт нас баржээ.
Йо Сам Чой (БНСУ, 35 нас)
2007 онд болсон энэ тулаанд солонгос залуу өрсөлдөгч Хери Амолыг илт давуу ялж байлаа. Гэвч сүүлийн үед эрүүндээ хүнд цохилт аван унасан юм. Чой нэг их удалгүй босож, цаг ч дууслаа. Амол түүнд баяр хүргэж, Чой булан руугаа явж байгаад гэнэт ухаан алдсан. Эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан.
Мартин Санчес (Мексик, 26 нас)
2005 онд Мартин Оросын Рустамом Нугаевтай Лас-Вегаст тулалдсан юм. Есдүгээр үед Рустам түүнийг рингээс гарах шахтал нь хүчтэй цохисон. Тулааны дараа Санчесийн биеийн байдал хэвийн байсан ч маргааш нь гэнэт бие нь муудаж, эмнэлэгт очсон ч амьсгал хураажээ.
Фрэнки Кэмпбелл (АНУ, 26 нас)
1930 онд болсон энэ тулаан боксчин гэмтлээс болж, амиа алдсан хоёр дахь тулаан байлаа. Фрэнки Кэмпбелл хоёрдугаар үед Макс Бэрийг оновчтой цохиод үзэгчид рүү харан, гараа даллаж эхэлжээ. Энэ үед нь Макс хариу цохилт хийж амжсан байна. Завсарлагаагаар Фрэнки дасгалжуулагчдаа “Толгойд нэг юм дуугарах шиг болсон” гэж хэлсэн байдаг. Тулаан үргэлжиллээ. Тавдугаар үед хүнд цохилт хүртэн, ухаан алдан унасан Фрэнки нэг хоногийн дараа эмнэлэгт нас барсан. Макс Бэрийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн ч цагаадсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Бокс бол спорт биш хүнлэг нийгэмд ийм спорт гэж байж болохгүй үхээгүй болохоос бэртэж гэмтсэн маш олон хүн бгаа. Олимпоос удахгүй хасагдах байх
Эрэлхэг биш тэнэг.