УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “ ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв.
Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татуулсан юм.
Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-ын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон.
Эх сурвалж: БХЯ
Сэтгэгдэл ( 0 )