БХЯ-ны алба хаагчид төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөлөө

2023 оны 11 сарын 02

Батлан хамгаалах яамны 2023-2024 оны сургуулийн жилийн нээлт энэ өдөр болж, тус өдрийг тохиолдуулан яамны зарим алба хаагчид Төрийн жинхэнэ алба хаагчийн тангарагаа өргөлөө.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн өчигдөр /2023.11.01/ БХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд зэрэг 15 алба хаагч Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тангаргийн бичигт гарын үсэг зурсан юм.

Тус үйл ажиллагааны үеэр БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Р.Энхболд хэлсэн үгэндээ “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглан, төрийн захиргааны албанд анх удаа томилогдон ажиллаж байгаа яамныхаа нийт бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Та бүхэн энэ мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд захирагдан ард иргэддээ тэгш үйлчилж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, төрдөө чин үнэнчээр зүтгэж, албан үүргээ шударгаар биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Ташрамд дурдахад батлан хамгаалах салбарын төрийн жинхэнэ албан хаагчид төр, ард түмнийхээ өмнө хоёр удаа тангараг өргөдөг онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top