Хотын Захирагч “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт хамрагдсан гадаадын гэрэл зурагчидтай уулзлаа

2019 оны 08 сарын 14

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гадаадын зочдыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Тэрбээр “Монгол орны маань онгон зэлүүд байгаль, нүүдэлчин ард түмний минь аж амьдралын өвөрмөц хэвшлийг, нийслэл хотын маань уламжлал шинэчлэл хосолсон өнгө төрхийг гэрэл зургийн хальсандаа буулгаж, өөр өөрийн улс орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлахаар хүрэлцэн ирсэн та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн юм.

Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг болоод нийслэл хотын өнгө төрхийг олон улсад эергээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Төсөлд оролцогчид энэ сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)- Дорнодын (Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top