Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ

2019 оны 08 сарын 15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл хотын төвөөр зорчихыг хориглосон. Шөнийн цагаар том оврын автомашинуудаар барилгын материалуудыг буулгаж, зөөх ажил нь зөрчлийн хуулиар торгуулиад байгааг учирлалаа. Барилгын ажлын явц 95 хувьтай байгааг дуулгаад зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох асуудлыг холбогдох албаныханд үүрэг өгнө. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулсан иргэдэд мэдэгдэл шаардлагыг албаныхан өгсөн.Удахгүй шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллана. Иргэд, аж ахуй нэгжүүдтэй ойлголцолд хүрч барилгын ажлыг цаг хугацаанд нь дуусгах нь чухал” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top