Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа танилцуулсан юм.
Өдгөө Улаанбаатар хотод нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 500 000 орчим зорчигч үйлчлүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас 2019-2021 онд 873 буюу 73 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, тус үйлчилгээнээс хасагдахаар байгаа гэнэ. Тэгвэл өнөө жил 211 нь их багтаамжийн автобус үйлчилгээнээс хасагдах ажээ.
Дээрх тогтоолын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүдийг жилд хоёр удаа техникийн үзлэг, оношлогоонд оруулдаг байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа 24 автобусанд тортгийн шүүлтүүр Япон улсын буцалтгүй тусламжаар суурилуулсны дүнд их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181 грамм тортог шүүж устгаж байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус шүүлтүүр нь утааг 90 хүртэлх хувиар шүүдэг аж. Түүнчлэн БНСУ-д үйлдвэрлэсэн утаа шүүгч суурьшуулсан байна. Цаашлаад байгалийн шахсан хийг ашиглах, ийм чиглэлийн тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 80 орчим автобусыг оруулж ирсэн гэнэ. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд “LNG” байгалийн хийн хадгалах сав, станцыг байгуулсан байна.
Түүнчлэн анх удаа цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр энэ жил гурван автобусыг туршжээ. Цаашид тус байгууллагын зүгээс нийтийн тээврийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг цэгцлэх зорилгоор гурван чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг Тэргүүлэгчдэд мэдээллэсэн. Тухайлбал, байгалийн хийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлага байгааг хэлсэн. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэл хийх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлын хүрээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа гэв. Түүнчлэн насжилт өндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлага байгааг тус газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм.
Танилцуулгатай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэд хэдэн тодорхой санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх асуудал манайд хэр зохимжтой вэ. Цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэх үү. Бодит байдал дээр цахилгааны хангамжийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээ зогсоход хүрвэл яах вэ” гэсэн асуудлыг хөндөж байв. Үүнд нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэ асуудал бол Засгийн газрын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан ажил. Бид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлээд ажил болгоод явах ёстой” гэсэн хариулт өгсөн. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот эко хот болох ёстой, цахилгаан болон байгалийн хийг нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Тэргүүлэгч Д.Бадарсангийн хувьд төрийн өмчит компаниудын парк шинэчлэлийг дариухан шийдэх ёстойг хэлээд цөөн автобусанд шүүлтүүр тавих гээд цаг алдаж байхын оронд цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай, ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх тооцоо судалгаа гаргаж, бодит ажил болгох саналаа танилцуул гэсэн чиглэлийг өгсөн юм.
Парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа бөгөөд үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм. Ийнхүү Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийтийн тээврийн салбарт хийж буй ажлын танилцуулга мэдээллийг Тэргүүлэгчид хэлэлцээд техникийн шаардлага хангахгүй автобуснуудыг шинэчлэх, эко автобус нэвтрүүлэх тодорхой бодлого гаргаж, арга хэмжээ авах, байгалийн хий болон цахилгаан хөдөлгүүрт автобус нэвтрүүлэх талаар бодлого боловсруулан танилцуулахыг мөн үүрэг болгосон юм. Мөн парк шинэчлэл хийхэд шаардагдах 60 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг нарийн тооцоолол гарган, боловсруулж хэлэлцүүл гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 3 )
Hufrelsuh ulaasa hulagilsan 900 terbm tugrugnuusee ene avtoparkiig shinechileech
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Нийтийн тээврийн автобус унааг цоо шинэ автобусаар шинэчилж өөрчлөх хэрэгтэй. Ард түмний мөнгийг зөв хийгээрэй. Та нараас гуйж аваагүй өөрсдийнхөө унаагаа унах гэж байна. Цоо шинэ автобус унамаар байна шүү авилгачидаа. Үүнийг хийж чадахгүй бол зайлцгаа новшнууд. Жаран тэрбум шаардлагатай байна гэж энэ мөнгө яахаараа байдаггүй билээ.