Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтэд анхаарахыг үүрэг болгов

2019 оны 08 сарын 30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан /2019.08.29/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Тавантолгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.

“Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн 25 кг шуудайгаар савласан 17.800 тонн сайжруулсан шахмал түлш байна. Өдөрт 2.300-2.800 тонн түлш савалдаг. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн  түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 180 цэгтэй гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 80 цэгт хаягаа хадаж, түлшээ хүргэж өгснөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, иргэдэд түлшээ борлуулж эхэлсэн. Бусад борлуулагчидтай гэрээ хийгдэх ажил үргэлжилж байна. Гэрээ хийгдэж баталгаажсанаар шууд түлшээ хүргэн, борлуулалт хийгдэж эхэлж байгаа” гэв.

Мөн Хотын Захирагчид сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтыг хийхэд тулгамдаж байгаа асуудал гэвэл борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь жигдрэх хүртэл анхаарч ажиллах хүн хүч хомс байгааг уламжилсан юм. Нийслэлийн зүгээс дүүрэг, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэлээд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалтын ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгосон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top