Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.01/ Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө.
Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Буурал сутай” компанийн захирал Д.Одбаяр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 48 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс газраа чөлөөлж өгсөн иргэдэд 18 айлын орон сууцыг өгнө. Барилгын ажил дуусах шатандаа орсон. Есдүгээр сард комисс хүлээж авснаар ашиглалтад орно. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн” хэмээв.
Хотын Захирагч С.Амарсайхан “Дахин төлөвлөлтөд орсон аж ахуйн нэгжүүд төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийх хэрэгтэй. Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хаягдаад орчны бохирдол, хаягдал үүссэн нөхцөл байдалтай байж таарахгүй. Хичнээн сайхан орон сууц барьсан ч орчны тохижилт, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ажлыг орхигдуулж, иргэд, оршин суугчдын ая тухыг алдуулж болохгүй. Газрын чөлөөлж авчихаад бүхэл бүтэн таван жил барилга байшин нь ашиглалтад ордоггүй иргэдийг хохироодог асуудал байх ёсгүй. “Буурал сутай”, “Асар өргөө” танай хоёр компани ажлаа шуурхайлж, барилгын ажлыг дуусган, гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлаа хийх хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурваүлж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )