"Эрх зүйн баталгааг хангах нь" зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна

2019 оны 09 сарын 04

"Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" Зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Н.Оюундарь, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэллээ.

Уг уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мишел Форст урилгаар оролцож, "Хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх, хамгаалах шилдэг туршлагууд" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр манай улсад 3 дахь удаагаа айлчлан ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын сүүлч, 05 дугаар сард хүрэлцэн ирж, хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийн урьдчилсан дүгнэлтийг танилцуулаад байсан юм.

Бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, иргэний нийгэм, эксперт, төрийн албан хаагч болон холбогдох талуудыг оролцуулсан нээлттэй уулзалтад "Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлага" сэдэвт илтгэлийг Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож тавилаа. Тэрбээр өнөөдөр Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний төлөө ажиллахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхой жишээ, кэйсүүдэд тулгуурлан баримттай ярьж байв. Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, доктор Д.Сүнжид "Монголын хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомжийн төслийг боловсруулсан нь" илтгэл мэдээллийг тооцоо, судалгаа, тоо баримттайгаар танилцууллаа.

Эдгээр илтгэл мэдээллийн дараа хуулийн төсөл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг, асуулт хариулт өрнөж байна. Хэлэлцүүлэг "Хуулийн хамгаалал болон түүний үр нөлөөний талаарх иргэний нийгмийн байр суурь", "Хуулийн хамгаалал болон түүний үр нөлөөний талаарх мэргэжлийн холбоодын байр суурь" салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Гадаад харилцааны яам зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top