ХҮЭК: Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 100 хувь шүүхийн хяналтад орж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

 

Ирэх наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл өглөө.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: НҮБ-ын шинжээчид болон Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтэд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, тэр дотроо шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг явах явцад хүний эрх зөрчигдөж байна гэж үзсэн байдаг. Ялангуяа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай байгааг хүний эрхийн томоохон зөрчил гэж дүгнэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ 2024 оны нэгдүгээр сарын 17-нд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож, ялангуяа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон, хумьж өгсөн.

Энэхүү нэмэлт өөрчлөлт орсноор өмнө нь зайлшгүй тохиолдолд баривчлах гэсэн хавтгайруулсан баривчлах ажиллагаа, баривчлагдсан хүн эргээд эрхээ хэрхэн сэргээлгэх талаарх зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан.

Шүүхийн шийдвэргүй баривчлах ажиллагаа болон цагдан хорих, таслан сэргийлэх гэсэн хоёр өөр ойлголт бий. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь хүний эрхийг хязгаарлаж, тодорхой орон зайд хорьдог тул хүний эрхийн ноцтой хязгаарлалт гэж үздэг. Тийм учраас үндэслэлүүдийг НҮБ-ын зөвлөмж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн маш тодорхой, нарийвчлан хуульчлаад, одоогийн үйлчилж байгаа хуулиас зайлшгүй тохиолдолд гэсэн үндэслэлүүдийг хассан.

Наймдугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхлэх хуулиар яг бодитой, объектив нөхцөл байдал үүссэн, энэ нь нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг явуулна. Энэ баривчлах ажиллагааг шүүх 24 цагийн дотор тасралтгүй хянах заалт орсон. Үүнтэй холбоотойгоор шүүх өглөөний 06.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл тасралтгүй ажиллах зохицуулалтуудыг тусгаж өгсөн.

Өмнө нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хүн шүүхэд гомдол гаргасан тохиолдолд хуулийн зохицуулалт байдаггүй байсан бол 48 цагийн хугацаанд явуулдаг ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзсэн тохиолдолд шүүхэд гомдол гаргах, шүүх үүнийг ердийн журмаар хянан хэлэлцэж, баривчлах ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг дүгнэх зохицуулалтыг мөн тусгаж өгсөн. Хэрэв хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн тохиолдолд тухайн хүний нэхэмжлэл гаргах эрх үүсэх зохицуулалтыг мөн оруулжээ. Мөн баривчлах, таслан сэргийлэх ажиллагааны үеэр өмгөөлөгчдийг заавал оролцуулах, өмгөөлөгч байхгүй тохиолдолд томилолтын өмгөөлөгчийг заавал оролцуулах зохицуулалтыг хуульчилж өгснөөр хүний эрхийг хангахад чиглэсэн чухал зохицуулалт болсон. Хүнийг баривчилсан тохиолдлыг шүүхээр заавал хянах заалт орсон. Өөрөөр хэлбэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 100 хувь шүүхийн хяналтад орж байна гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top