Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан 5 нэр дэвшигчийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд, Дугарын Сүнжид, Хүрэлбаатарын Мөнхзул нарыг томилохоор баталсан билээ.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга С.Бямбацогт, тус байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат болон УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөл 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст хүрэлцэн ирж, Хууль зүйн байнгын хорооны дарга Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүдэд үнэмлэх, тамга, тэмдгийг гардуулснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 14.4-т заасны дагуу Комиссын даргыг Улсын Их Хурлаас томилох хүртэл Ж.Хунан гишүүн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн товч танилцуулга:
Хүрэлбаатарын Мөнхзул 1974 онд Сүхбаатар аймагт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1982-1992 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016-2017 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн. 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн даргаар, 1998-2002 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөхөөр, 2002-2009 он Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагчаар, 2009-2011 онд Хүний эрхийн Үндэсний Комисст Бодлого, дүн шинжилгээ хариуцсан референтээр, 2011-2013 Хүний эрхийн Үндэсний Комисст Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар, 2013-2015 Хүний эрхийн Үндэсний Комисст Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2015 оноос одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр тус тус ажиллаж байсан.
Батзэвэгийн Энхболд 1984 онд Ховд аймагт төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1992-2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургууль, 2003-2007 онд Монгол Улсын Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2007-2009 онд Монгол Улсын Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистр, 2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаагаар, 2007-2008 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багшаар, 2008-2011 онд Цагдаагийн сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд багшаар, 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар, 2013-2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаачаар, 2016-2017 онд Хууль сахиулахын их сургуульд эрдэм шинжилгээ инновацын газрын цагдаагийн судлалын төвд эрхлэгчээр, 2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр, 2019 оноос одоог хүртэл Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.
Ганбатын Нарантуяа 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, нэг хүүхдийн хамт амьдардаг. 1988-1998 онд Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 – 2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Мельбурны Их Сургуульд хууль зүйн магистр, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хөтөлбөрийн зохицуулагчаар, 2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр, 2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны даргаар, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд докторант судлаачаар, 2016 оноос өнөөг хүртэл хараат бус шинжээчээр ажиллаж байсан.
Жаргалсайханы Хунан нь 1979 онд Дорноговь аймагт төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагчаар, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагчаар, 2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульчаар, 2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөхөөр, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.
Дугарын Сүнжид нь 1977 онд Хэнтий аймагт төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1998-1999 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан. 2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад нийтийн эрх зүйн чиглэлээр “Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь” сэдвээр хууль зүйн докторын /Dr.jur/ зэрэг хамгаалсан. 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Сэтгэгдэл ( 2 )
za za barag bvgdeerei zvvn aimagaas garaltai hvmvvs bnaa.. dandaa baruun aimagiinhan garahaarai nutagharj toriin albiig toroliin alba bolgood baidag..
Монголын хүний эрхийн комисс гэж газар