Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас “Хууль ба хамтын ажиллагаа” сургалтыг есөн дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болон Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотой зохион байгуулсан юм.
Сургалтын ажиллагааг нээж Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба үг хэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Төрийн аудитын газраас нийт таван сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, “Архивын улсын үзлэгийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах зарим асуудал” сэдэвт илтгэлийг нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд тавьж, мэдээлэл өглөө. Мөн “Цахим архив үүсгэх болон мэдээллийн технологийн чиглэлээр хийгдэх ажлын заавар, зөвлөмж” сэдвээр нийслэлийн Архивын газрын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Б.Даваахүү мэдээлэл хийсэн юм.
Харин “Байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, анхаарах зарим асуудал” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр илтгэл тавьж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Түүнчлэн тус сургалтаар Шилэн дансны хуулийн хэрэгжилт, санхүүгийн аудитын дүгнэлт, анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитор Д.Жаргалсайхан, Нийслэлийн аудитын хэлтсийн аудитор У.Оюунхүү нар мэдээллэж, албан хаагчдын асуултад хариулт өгөв. Төгсгөлд нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн сангийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, шинжээч Б.Оюуннасан мэдээлэл өгч, албан хаагчдын санал,бодлыг сонсож, асуусан асуултад хариулт өгсөн юм.
Цаашид нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажлын чиглэлийн хүрээнд тодорхой сургалтуудыг зохион байгуулж байхаар тогтлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )