ОЛОН ӨНГӨ: Төрлмүд минь

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Үсэрсэн цус нь, тасарсан мах нь

Ор ганцхан хэлтэй билээ бид

Нүүгээд явсан таныгаа санахлаар

Нүд минь нулимсаар дүүрнэ

Улаан царайтай төрлмүд минь

Улаан залаатай халимагууд...

Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн ийм нэгэн дуу бий. Энэ дууг шимтэн сонсдог, элэг нэгт монгол үндэстнээ үргэлж санан дурсдаг, Монголд ирэхийг хүсдэг ард түмэн Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршин суудаг юм.

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг улсаас Монголд болсон арга хэмжээнд ирээд буцсан халимаг эрийг хараад төрсөн сэтгэгдлээ өгүүлье. Түүнийг онгоцны буудал дээр тосоод оросоор мэндлэхэд хариу оросоор мэндлээд гар барин өөрийгөө танилцуулав. Өгүүлбэрийнхээ төгсгөлд тэрбээр халимаг хэлээрээ /Халимаг хэл ерөнхийдөө манай монгол хэл юм. Тэдний хэрэглэдэг тод бичиг нь манай хуучин монгол бичиг/ “Би халимаг хүн. Мэнд ээ” гэж хэлээд инээмсэглэлээ. ОХУ-ын болон Халимагийн сэтгүүлчдийн холбоог төлөөлөн ирсэн тэр эрхэм Монголд газардаад хэдхэн минутын дараа л “Гандан руу очих боломж байна уу” гэж асууж байсан юм. Буддын шашинтай, Европын хамгийн том бурхан Буддагийн баримал байдаг Халимаг улсаас ирсэн тэр бусад сэтгүүлч нартай буддын шашны тухай, монгол үндэстний тухай ам хуурайгүй ярьж, бидэнтэй болж л өгвөл халимаг хэлээрээ ярихыг хичээж байв. Монголд ирээд халимаг хэл нь сэргэв үү гэлтэй баярлан ярьж байсан юм.

Хүн амын дийлэнх нь ойрад монголчууд байдаг Халимаг улсын түүхийг сөхвөл, 17 дугаар зууны эхэнд Торгуудын Хө өрлөг Эрчисийг уруудан баруун тийш хасаг, татар зэрэг олон улс түмэнтэй байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөжээ. Тус газрыг эзлэн сууснаас эхэлсэн есөн хэсэг нүүдэл болон Зүүнгар руу буцсан дөрвөн нүүдлээс бусад нь Ижил мөрний хөвөөнд үлдэж, Халимаг улс бий болсон гэдэг. Оросын харьяанд байдаг халимагууд Монгол өв соёлоо мартаагүй. Тэд монголчуудын амьдрал, Улаанбаатарын тухай асууж, Монголд ирэхийг хүсдэгээ нуудаггүй.

Монголд ажлаар ирсэн дээрх халимаг эрийн Гандан орох хүсэл нь биелж, төв Ганданд ирэхэд цам харайх ёслол болж, ном хурж байлаа. Ном хурж байсан төв Гандангийн хажуугийн шинэ хийд рүү оронгуут мөнөөх эр өвдөг сөхрөн унаад, мөргөл үйлдэж гарав. Ном айлдаж байгаа лам нар, бяцхан хуврагууд, хуран цугларсан олноос хэн нь ч түүн шиг мөргөсөнгүй. Тэр эрхэм Халимагаас авчирсан цагаан, цэнхэр хадгаа хурлын толгойлогч хамба ламд барьж “Би Халимагаас ирсэн. Халимаг хүн” гэсээр түүний өмнө сунан мөргөж байв. Элэг нэгт монгол хүмүүсийгээ, Монгол Улсыг, Буддын шашныг машид хүндлэн дээдэлж байгаа тэрбээр төрөл садантайгаа уулзсан мэт баярлаж хөөрч, нүдэнд нь оч гялалзаж байсан юм. Төрлмүд минь...

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хонгор(107.77.225.132) 2020 оны 07 сарын 03

Мана Монһл эльгн-садтаган Иджлин һолын көвәд Торһуда Баһ-Цохран нутгасар мендэ-гиҗ күгргджәнәв.

0  |  0
Halh(202.126.89.9) 2019 оны 09 сарын 26

Sotsializmiin veiin bid nar hiliin gadnah mongolchuudaa Es toon,ad vzdeg yabdal bii. Ter bol bid uursduu Orosiin bodlogiig bool met dagaldsaniih yum shvv. Adilhan mongol ah dvv see dderengvi hardag ni bidnii bvdvvlegiig haruulj baigaam daa.

0  |  0
halh(66.181.161.80) 2019 оны 09 сарын 25

mongol halimg uralan

0  |  0
Халх залуу(112.72.12.9) 2019 оны 09 сарын 25

Хальмг ойрд Монгол хүмүүс бол жинхэнэ буддист хүмүүсдээ! Бид нар тэдний хажууд ичмээр шүү, Энэ талдээр! Хальмгууд их цөөхүүлээ ! Дөнгөж 180 мянган хальмууд. Хальмг улсдаа амьдардаг!

0  |  0
А(139.5.217.56) 2019 оны 09 сарын 25

Халмг тангч мандаг

0  |  0
Top